Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Допинггүй Монгол бөх” хөтөлбөрийн хүрээнд гэнэтийн шалгалт явуулахад 31 бөхийн дөрвөөс нь хориотой жагсаалтад орсон бэлдмэл хэрэглэсэн нь илэрсэн юм. Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг допинг хэрэглэсэн тул барилдах эрхийг нь хоёр жилээр хасав. Эдгээрээс хоёр нь улсын цолтой бөхчүүд. Гэхдээ баяр наадмын үеэр допинг хэрэглээгүй тул цол, чимэг хураах боломжгүй юм. Харин дүрмийн дагуу барилдах эрхийг нь хасч, цаашид бөхчүүдэд том сургамж болов.
Наадмаас өөр тохиолдолд допингийн шинжилгээ авч, тэгэхэд нь дөрвөн бөхөөс хориотой бэлдмэл илэрсэн нь анхных боловч Монгол бөхийн түүхэнд эхнийх нь бас биш.
Хамгийн анх 2002 онд аварга А.Сүхбатаас допинг илэрсэн ч шүүх түүнийг буруугүй гэж үзсэн түүхтэй. Үүнээс хойш 2003 онд Д.Батбаяр, 2004 онд Ц.Мягмарсүрэн, Г.Ганхуяг, 2006 онд Д.Рагчаа, Г.Эрхэмбаяр, 2009 онд Ц.Сумъяабэйс, Б.Соронзонболд, 2011 онд Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр, 2012 онд Б.Сугаржаргал, Х.Мөнхбаатар, 2014 онд Б.Суманчулуун, Н.Адьяабат, 2016 онд Б.Баатарцол, Б.Ганзориг нараас допинг илэрчээ.
Допингт холбогдсон бөхчүүдийн ихэнх нь тухайн наадамд цол ахисан байдаг. Тодруулбал, Ду.Батбаяр начин тухайн үед аймгийн заан цолтой байсан бөгөөд улсын начин Ц.Магалжаваар тав давж, начин цолд хүрч байв. Тэгвэл 2006 онд Д.Рагчаа долоогийн даваанд Ц.Магалжавыг давж, улсын заан болж байлаа. Түүнчлэн Б.Баатарцол, Б.Ганзориг, Б.Суманчулуун, Н.Адьяабат, Б.Сугаржаргал, Ч.Цогбаяр, Г.Алтангэрэл нарын шинэ цолтнууд төрж байв.
Эдгээрээс Б.Суманчулуун, Н.Адьяабат, Б.Ганзориг нарын цолыг хурааж, Б.Сугаржаргалын барилдах эрхийг зургаан сараар хассан бол улсын арслан цолтой Х.Мөнхбаатарын тухайн наадамд хүртсэн чимгийг нь хурааж байв. Мөн Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хассан билээ. Түүнчлэн тухайн үед заан цол хүртсэн Д.Рагчааг 2006 онд бус 2012 онд буруутайг нь тогтоож, түүнд унасан гэх Ц.Магалжавт заан, Ш.Уламбаярт харцага цол нөхөж олгосон түүхтэй. Энэ үед Д.Рагчаа заан цолтойдоо улсын баяр наадамд үзүүрлэж, гарьд цол нэмсэн тул нэг чимгийг нь хасаад л өнгөрсөн билээ.
Анхны гэх тодотголтой А.Сүхбатаас өгсүүлээд ихэнх бөхчүүд анаболик стероид хэмээх бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэнэ. Б.Соронзонболдоос харшил, үрэвсэлд хэрэглэдэг дексаметазон, Б.Баатарцол начингаас мелдонуим хэмээх хожим ОХУ-ын баг тамирчдыг олимпоос хассан айхтар бодис илэрсэн юм.