Жүдо: Г.Алтанбагана Их Дуулга тэмцээнээс анхны мөнгөн медалиа хүртлээ

1373

Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн Их Дуулга тэмцээн гурван өдрийн турш явагдаж өндөрлөлөө.

Дөрвөн тивийн эрэгтэй 254, эмэгтэй 151 жүдоч энэ удаагийн тэмцээнд хүч сорьсон юм. Өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн бөхчүүд дүнгээ гаргасан.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д “D” хэсэгт багтсан Г.Алтанбагана эхний тойрогт хийлээд Францын Алекис Матьёг иппоноор буулган авч, дараагийн даваанд Бразилын Рафаэль Македог нэмэлт цагт вазаригаар илүүрхсэн юм. Улмаар хэсгийн аваргын төлөө “D” хэсгийг тэргүүлэгч Сербийн Неманья Маждовыг цаг сунгаад цэвэр ялсан юм.

Хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Нидерландын Ноэль ван Т’Эндтэй учраа таарсан. Манай жүдоч вазари үнэлгээгээр дутуу байсан ч цагийн төгсгөлд илүү идэвхтэй барилдаан үзүүлсэн. Улмаар тактикийн алдаа гаргасан нидерланд залууг шүүгч гурван торгууль оноосноор Г.Алтанбагана анх удаа Их Дуулга тэмцээний шигшээд шалгарсан юм.

Финалд ОХУ-ын жүдоч, хоёр жилийн өмнө дэлхийн аварга болж байсан Михаил Игольниковт ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д сүүлийн гурван дэлхийн аваргад түрүүлсэн бөхчүүд бүгд зодоглосон юм. Сербийн Неманья Маждов (2017), Испанийн Николоз Шеразадишвили (2018), Нидерландын Ноэль ван Т’Энд (2019) нарын шилдгүүд энэ тэмцээнд ирсэн. Тэдний хоёрыг нь Г.Алтанбагана ялсан юм.

Энэ удаагийн Их Дуулгад Япон, БНСУ-ын хүчирхэг баг оролцоогүй. Медалийн чансаагаар ОХУ-ын баг таван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медалиар тэргүүлсэн бол манай жүдочид нэг мөнгө, хос хүрлээр энгэрээ мялааж, багийн дүнгээр аравдугаар байр эзэллээ.