Шатрын холбоо

Байгуулагдсан огноо: 1955

Хаяг: ХУД-15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, МҮОХ-ны байр #116, Улаанбаатар хот 17011

Утас: 7011-1880

Цахим шуудан: info@mcf.mn

Цахим хаяг: https://www.mcf.mn/

Удирдлага

Ерөнхийлөгч

Ядамсүрэн САНЖМЯТАВ

Ерөнхий нарийн бичиг

Ц ЦОГБАЯР

Танилцуулга

Монголын шатрын холбоо Дэлхийн Шатрын Холбоонд 1955 оны аравдугаар сарын 8-нд элссэн. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол шатрын суурь дээр 1930-аад оны дунд үеэс манай оронд орчин үеийн шатар дэлгэрэн хөгжиж эхэлсэн бөгөөд 1956 онд Москва хотноо зохиогдсон Дэлхийн шатрын 12-р олимпиадад монголын баг анх оролцсоноос хойшхи хугацаанд хөгжлийн түвшин нь эрс дээшилсэн юм.

Дэлхийн шатрын олимпиадад багаараа 21 удаа оролцон ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж эрэгтэйчүүд 1970 онд 60 орноос 16-р, эмэгтэйчүүд 1990 онд 46 орноос 12-р байрт шалгаран багийн дээд амжилтыг тогтоосон юм.

Азийн бүсийн АШТ-д 4 удаа /Л.Мягмарсүрэн-1966, Т.Yйтүмэн-1969, С.Хандсүрэн-1972, Ц.Батцэцэг-1990 нар тус бүр нэг/ түрүүлэн ДАШ бүс хоорондын тэмцээнд шалгарсан. Азийн бүсийн АШТ-ээс 1999 онд Д.Шаравдорж хүрэл, 2003 онд Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэж багийн АШТ-д /1995/ Б.Хатанбаатар ширээндээ түрүүлжээ.

Оюутны ДАШТ-ээс 1994 онд Ц.Батцэцэг мөнгө, 2002 онд Б.Анхчимэг хүрэл, багийн дүнгээр 2 удаа /2000, 2002/ хүрэл медаль хүртжээ.

өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс Б.Мөнгөнтуул 2005 онд мөнгө, 2001 онд хүрэл медаль хүртэв.

Ази тивийн залуучуудын АШТ-ээс 1992 онд Б.Хатанбаатар алт, өсвөрийн шатарчдын тивийн АШТ-ээс 1998 онд Г.Эрдэнэ алт, 2004 онд Т.Халиун хүрэл медаль тус тус хүртэцгээжээ.

Дэлхийн багийн аварга шалгаруулах шатрын бодлого зохиомжийн анхдугаар тэмцээний /1975/ хамжаа мадын төрөлд С.Чимэдцэрэн 2-р байрт шалгарч байв.

Энэ хугацаанд ИМ цолтон- 4, ОУМ-9, ОУШХМ-17, СМ – нэг зуу орчим, ДМ – хэдэн зуугаараа, шатрын бодлого зохиомжоор ОУХМ-2, СМ ба ДМ-6, шатрын олон улсын шүүгч-5, улсын шүүгч 30 шахам төрсөн байна.

Монголын шатрын олон улсын зүтгэлтнүүд:

Ц.Намсрай,Н.Намжил,Б.Жамсран (мөн ДШХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн /ГЗ/ гишүүний) нар Азийн бүсийн ерөнхийлөгчийн, Ж.Бадарч, Н.Намжил, Ц.Намсрай, Б.Жамсран, О.Маш-Эрдэнэ, З.Саарал, Ж.Лхагва, Г.Алтан-Оч нар ДШХ-ны төлөөлөгчийн сонгууль хүлээж байсан бөгөөд одоо Г.Алтан-Оч ДШХ-ны ГЗ болон Азийн ШХ-ны ГЗ-ийн гишүүний, С.Чимэдцэрэн ДШХ-ны дэргэдэх Бодлого Зохиомжийн Байнгын Комиссын гишүүний сонгуультай байна.

Шатрын спортод гаргасан амжилтыг нь үнэлэн төр,засгаас 3 шатарчинд гавъяат цол, олон арван шатарчдад одон, медаль хүндэт тэмдэг бусад шагналаа хүртээн урам хайрласан байна.