Ирэх олимпод шинэ түүх бичих Ни Шиа Лиан

1427

Одоогоос 36 жилийн өмнө Японы нийслэл Токио хотод болсон ширээний теннисний ДАШТ-ий холимог хос төрөлд БНХАУ-ын Ни Шиа Лиан, Гуо Юүхуа нар түрүүлж байв.

Энэ үед 20 настай байсан Ни Шиа Лиан 1989 онд Герман руу нүүж, хоёр жилийн дараа нөхөр болох Томми Даньелсонтой гэрлэснээр Люксембургийн иргэн болсон билээ.

ДАШТ-ээс алтан медаль зүүснээс хойш 17 жилийн дараа Шанхайд төрсөн нанхиад бүсгүй Люксембург хэмээх жижигхэн улсыг төлөөлөн 2000 онд Сиднейд болсон зуны олимпод оролцож байв. Түүнээс хойш тав дахь (2000, 2008, 2012, 2016, 2020) олимподоо бэлдэж байна.

Тэрбээр өнгөрсөн онд Беларусийн Минск хотод болсон Европын наадмаас 55 насандаа хүрэл медаль зүүснээр “Токио 2020”-д оролцох тийзээ өвөртөлсөн юм. Ингэснээр олимпод оролцож буй хамгийн ахмад ширээний теннисчин болж, шинэ хуудас нээсэн билээ.

Ширээний теннис нь 1988 оны Сөүлийн олимпоор анх их наадмын хөтөлбөрт багтсан түүхтэй. Ни ирэх жил Токиод болох олимпын талаар “Японд анх 1979 онд очиж байлаа. Хүмүүс нь найрсаг, дулаан харилцаатай. 1983 онд Токиод болсон ДАШТ-д түрүүлж байлаа. Их олон дурсамжтай, надад ээлтэй улс. Ирэх жилийн олимпод оролцох болсондоо баяртай байна” гэж ярьжээ.

Түүний нөхөр Томми Даньелсон нь Европын хошой аварга (1998, 2002) теннисчин. Тэд хамтдаа Люксембург хотод жижигхэн зочид буудал ажлуулдаг аж. Хосууд 17, 28 насны хоёр хүүхэдтэй юм.

Токиогийн олимпод оролцох болсон нь түүний хувьд тогтоосон ганц дээд амжилт биш юм. Одоогоос гурван жилийн өмнө Австрийн нээлттэй тэмцээнд тухайн үед 18 настай байсан Японы Хонако Хашимототой 1:32.44 цаг өрсөлдөж, Европын ширээний теннисний холбооноос орчин цагийн теннист хамгийн удаан үргэлжилсэн тоглолтоор бүртгэгдэж байв.

Ни Шиа Лиан Токиогийн олимпод оролцох үедээ 58 настай байх юм.