Дуулиан: Оросууд дахиад л эрхээ хасуулав

1123

Спортын Арбитрын шүүхээс ОХУ-ын допингтой холбоотой дуулианыг эцэслэв. Дөрвөн жилээр эрхийг нь хасах шийдвэрийг хянаж үзээд хоёр жилээр хасах шийдвэр гаргалаа.

Ийнхүү хойд хөршийн баг тамирчид ирэх зун болох Токиогийн олимп болон паралимп, 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-д улсынхаа далбаа, төрийнхөө дууллыг эгшиглүүлэх боломжгүй боллоо.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) – аас ОХУ-ын багийн эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан ч оросууд давж заалдсан юм. Үүний үр дүнд ирэх хоёр жилийн хугацаанд олон улсын томоохонд тэмцээнд оролцох эрхээ хасуулав. Шүүхээс Оросын хоригийг бууруулж байгаа нь тэдний үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй гэж тодотгосон байна.

ОХУ-ын багийн эсрэг хориг 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд хүртэл үргэлжилнэ. Ингэснээр оросууд 2022 оны хоёрдугаа сард Бээжинд болох өвлийн олимпод ч оролцох боломжгүй болох аж. Үүгээр ч зогсохгүй энэ хугацаанд орон нутагтаа олон улсын тэмцээн зохион байгуулах эрхгүй боллоо.

Харин хойд хөршийн хөлбөмбөгчид ирэх жил болохоор хойшлогдсон “Евро 2020” хөлбөмбөгийн АШТ-д улсаа төлөөлөн оролцох боломжтой юм. Учир нь Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) нь уг хоригт хамааралгүй тул Станислав Черчесовын шавь нар санаа амар байж болох гэнэ.

Өмнө нь допингийн асуудалд орооцолдож, эрхээ хасуулж байсан гашуун туршлагатай оросууд 2019 оны нэгдүгээр сард гарсан маргаанаас үүдэлтэй дахин шүүхийн хаалга татсан нь энэ юм. Тухайн үед шалгалтаар очсон эрх бүхий албан тушаалтнуудад бичиг баримтаа үзүүлэхээс эрс татгалзаж ОХУ-ын допингийн эсрэг агентлаг (Rusada) – ын харьянд байдаг лабораторид хадгалж байсан бичиг баримтыг устгасан юм.

Допингийн асуудалд холбогдоогүй орос тамирчид дээрх хугацаанд Олон улсын олимпын хорооны туг, далбаан дор олимп, ДАШТ-д оролцох болов. Өмнөх допингийн асуудалтай холбоотойгоор 2018 онд болсон Пёнчаны өвлийн олимпод тус улсын 168 тамирчин төвийг сахисан далбаан дор өрсөлдсөн билээ.