Конор МакГрегор болон Дастин Пойрье нарын хайнаа хагалах тулаан болох уу

1554

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт өнгөрсөн бямба гаригт өгсөн ярилцлагадаа Конор МакГрегор, Дастин Пойрье нарын гурав дахь тулааныг ирэх долдугаар сард хийхийг хүсч буй талаар онцлов. Түүний ярианаас үзвэл уг тулаан болоход нилээн ойртжээ.

ESPN-ийн Ариэль Хелвани тулааны талаар “Макгрегор, Пойрье хоёрын гурав дахь тулаан долдугаар сарын 10-нд  UFC 264 дээр зохиогдоход ойрхон байгаа. Тэдний тулаан энэ долоо хоногийн сүүлчээр товлогдох байх” гэж мэдээллэсэн байна. Сонирхуулахад, Флоридагийн Жексонвиллд болох UFC 261 дэх тулаан үзэгчидтэй зохион байгуулахаар төлөвлөж буй. Хэрвээ үзэгчдийг зөвшөөрсөн тохиолдолд UFC 264-ийг Лас Вегас хотод хийхээр төлөвлөж байна.

Тус жингийн аврага Хабиб Нурмагамедов зодог тайлсан учир аваргын бүсийг хэн өөрийн болгох вэ гэсэн асуулт UFC сонирхогчдын дунд үүсээд байсан ба бүсний төлөө Дастинийг тулалдах байх гэж олон мэргэжилтнүүд үзэж байсан ч тэрбээр Конортой хийх тулаанд илүү анхаарлаа хандуулж байгаа учир аваргын тулаанаас татгалзсан хэмээн Дана Уайт мөн хэлээд амжжээ.

Энэ талаар Конор “Дастин надтай дахин тулаан хийхийг хүсч байгаа. Энэ тулааны саналыг хүлээн авах нь ухаалаг шийдвэр байх болно. Учир нь энэ бол түүний хувьд том тулаан” гэж ярьсан байна.

Уг хоёр тулаанч өмнө нь 2014 онд UFC 178 дээр тулалдаж Конор ялж байсан бол өнгөрөгч нэгдүгээр сард Дастин хариугаа авч чадсан билээ.

Үзэгч бид бүхэн UFC-ийн түүхэн дэх гайхалтай ганган нэгэн тулааныг хүлээх л үлдлээ.

Б.Цогтбаяр