АНУ-ын Флорида муж улсын комисс марихуаныг хориотой бодисын жагсаалтаас хасав

1735

Тулааны ертөнцийн шилдгүүд болох ах дүү Диас, Т.Ж.Дилашав, Жон Жонс, Ронда Рөүзи, Шон О’Малли, Майк Перри, Мэт Ридле, Доналд Серрон нар марихуантай холбоотой хэрэг явдлаас шалтгаалан хэвлэл мэдээллийн анхааралд өртөх, янз бүрээр шийтгүүлэх явдал өнгөрсөн хугацаанд нэлээд гарч байв.

Өнгөрсөн нэгдүгээр сард USADA ба UFC дүрмэндээ энэ талаар  өөрчлөлт оруулсан юм. Түүний дараа АНУ-ын Флорида муж улс нэг алхам урагшилж, мужийн комисс хуралдаанаараа марихуаныг хориотой бодисын жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ. Марихуан нь АНУ-ын нарлаг муж улсад хориотой бодисын жагсаалтаас гарсан тул допингийн шинжилгээнээс хасагдаж байгааг мужийн хэвлэлийн төлөөлөгч ESPN-д ​​мэдэгдэв.

Ийнхүү  UFC болон бусад тулааны лигийн тэмцээнд оролцохоор Флоридад ирж буй холимог тулаанчид энэ талаар санаа зовох шалтгаангүй болж байгаа аж. Эрдэмтэдийн шинжилгээ судалгаанаас үндэслэхэд, уг мансууруулах бодис нь тамирчдын гүйцэтгэлд эерэг гэхээсээ сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон юм.

“Гэхдээ тамирчдын эрүүл мэндийг хамгаалах шалтгаанаар мариухан хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд огтагонд гаргахгүй”

ЮФС-гийн дэд Ерөнхийлөгч Жефф Новицки

Харин Калифорни, Невада мужид марихуан нь хориотой төрлийн бодисийн жагсаалтад байсаар байх бөгөөд хэрэв тулаанчаас дээрх бодис илэрвэл мөнгөн торгууль, допингийн шинжилгээний зардлыг гаргуулдаг хэвээр байх юм.

Новицки твиттердээ энэ талаар жиргэхдээ дүрмийн өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд АНУ-ын бусад мужуудын комисс ч ирээдүйд үүнийг даган мөрдөх болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.