Конор Макгрегор хамгийн их орлоготой тамирчнаар тодров

1567


Холимог тулааны супер од Конор Макгрегор АНУ-ын “Форбес” сэтгүүлийн шинэ оны хамгийн өндөр цалинтай тамирчдын жагсаалтыг өнгөлжээ. Тус сэтгүүл энэхүү жагсаалтыг гаргахдаа 2020 оны тавдугаар сарын 1-ээс 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацааг хамруулсан аж.

Ирланд тулаанч дээрх хугацаанд 180 сая доллар олж, Аргентиний хөлбөмбөгийн супер од Лионель Месси (130 сая), Португалын Криштиану Роналду (120 сая) нарын дээр бичигдлээ. К.МакГрегор нь хэдэн долоо хоногийн өмнө өөрийн хувь эзэмшдэг “Proper No. 12” брэндийн вискинийхээ хувьцааг худалдсанаар 150 сая ам.доллар олсон. Харин тэрбээр холимог тулаанаас нийтдээ 22 сая “ногоон” халаасалсан бол видео тоглоом, бооцооны сайтны сурталчилгаа зэргээс найман саяыг олжээ.

Цар тахлын улмаас тамирчдын орлого эрс буурсан. Эхний 10-т бичигдсэн тамирчдын дийлэнх нь тэмцээнээс гадуур олсон орлогоороо уг жагсаалтад багтсан нь үүнийг гэрчилнэ. Ялангуяа хөлбөмбөгчид хөл хориотой үед цалингаа бүрэн авахаас татгалзсан нь тэдний орлогод шууд нөлөөлсөн юм.

1Конор Макгрегор 180 сая ам.доллар
2Лионэл Месси 130 сая ам.доллар
3Криштиану Роналду 120 сая ам.доллар
4Дак Прэскот 107,5 сая ам.доллар
5Леброн Жеймс 96,5 сая ам.доллар
6Неймар 95 сая ам.доллар
7Рожэр Федерер 90 сая ам.доллар
8Льюс Хамилтон 82 сая ам.доллар
9Том Брэди 76 сая ам.доллар
10Кэвин Дюрант 75 сая ам. доллар
Дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдийн жагсаалт