Марафонд оролцсон 21 тамирчин амиа алдав

798

Хятадын хойд хэсгийн Ганьсу мужийн Шар мөрний Чулуун ойд 100 км-ын гүйлтэд оролцож байсан оролцогчид бямба гарагт болсон хүчтэй салхи, аадар бороонд өртсөн байна. Улмаар энэхүү цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс болж хорин нэгэн тамирчин амиа алдсан таагүй явдал болжээ.

Уг гүйлтийн тэмцээн нь экстрим спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй тэмцээний нэг боллоо.

Уралдаанд 172 тамирчин гарснаас 30 нь мэргэжлийн тамирчин байсан байна. Уралдааны замын 21 дэх километр дээр гэнэт цас орж 0 градус хүртэл хүйтрэн, мөндөр бууж, хүйтэн аадар бороо асгарч, хүйтэн салхи шуурга дэгджээ.
Байнь хотын дарга Жан Сючэнь “Уулын хүнд замруу тамирчид орох үед гэнэт мөндөр бууж, хүчтэй шуурга болсон. Маш хүйтэн болсон тул тэмцээнийг зогсоон, аврах багийг илгээсэн хэдий ч газар орны байдал, цаг агаарын нөхцлийн улмаас ажиллахад маш хэцүү байсан” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. Аврах ажиллагаанд 700 аврагч, цэрэг дайчид ажиллан, дрон, радар-детектор ашигласан ч аврах ажиллагаа удсанаас болж 21 тамирчин амиа алдаж, найман хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

Тус уралдааны нэгэн оролцогч “Мэргэжлийн тамирчид жингээ багасгахын тулд хувцас, хамгаалах хэрэгсэл тэр болгон авч яваад байдаггүй. Тэд цаг агаар сайхан байна гэж бодож л гүйдэг. Харамсалтай нь энэ удаад цаг агаар үнэхээр аймшигтай байлаа. Тамирчид ихэнх нь богино цамц, өмдтэй гүйж байсан. Зохион байгуулагчид термо хучлага авч явахыг шаардаж байсан. Гэхдээ энэ хучлага нимгэхэн тул ийм гамшигт тус болоогүй” гэсэн аж. Тэмцээнд оролцсон бүх хүнийг олсон бөгөөд 151 нь аюулгүй байдалд байгаа ч зарим нь хөл гараа хөлдөөсөн байна.