Олимпын түүхэн дэх анхны трансжендэр тамирчин: Лаурел Хаббард

1037

Хүндийг өргөгч Лаурел Хаббард хоёр удаа 185 кг туухайг өргөж чадсанаар Токиогийн наадамд оролцох Шинэ Зеландын багт багтаж олимпын түүхэн дэх анхны трансжендэр тамирчин болж байна. Наймдугаар сарын 02-нд эмэгтэйчүүдийн хүнд жинд тэрбээр шууд медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Гэхдээ Л.Хаббардыг бусад өрсөлдөгчид нь шудрага бус гэж үзэж байсан юм.

Л. Хаббард 2017 онд ДАШТ-ээс мөнгөн медаль авч байжээ. Дараа жил нь “Хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээн”-д оролцож байхдаа хүнд гэмтэл авч тамирчны замналаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй болж байлаа. Хоёр жилийн дараа бэртлээсээ эргэн ирж Самаод болсон Номхон далайн орнуудын тэмцээнд түрүүлэв.

“Шинэ Зеландчууд болон олон хүмүүсийн надад үзүүлсэн сайхан сэтгэл, дэмжлэгт би маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Гурван жилийн өмнө гараа хугалахад эмч нар тэмцээнд оролцохоо болихыг ятгаж байсан. Гэхдээ та бүхний халуун дулаан үгс, дэмжлэг, хайр намайг тэр харанхуй ангал дундаас гаргалаа” хэмээн олимпод оролцох эрхээ авсныхаа дараа хэвлэл мэдээллийхэнд өгсөн ярилцгадаа хэлсэн байна.
Энэ жил 44 настай Л.Хаббард хүндийн өргөлтөд оролцох олимпын тамирчдаас хамгийн ахмад нь юм.