Бухарест 2018: Ганбаатарын Ганхуяг эрчүүдээс анхны медалийг хүртлээ

712

Румыний Бухарест хотод болсон u23 хүртэлх насны бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөв. Эрэгтэйчүүдээс эхний бөгөөд эцсийн медалийг 86 кг-д хүч сорьсон Ганбаатарын Ганхуяг эх орондоо авчирсан юм.

Эрэгтэйчүүдийн 86 кг-д эх орноо төлөөлөн оролцсон Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө Туркийн бөх Ариф Озенийг 4:1-ээр ялснаар эрэгтэй бөхчүүдээс анхны медалийг эх орондоо авчирлаа.

Өнгөрсөн жилээс хойш зохион байгуулагдсан тус тэмцээнээс өмнө нь эмэгтэй бөхчүүд зургаан медаль (1 мөнгө, 5 хүрэл) хүртсэн ч эрчүүд хараахан медаль авч чадаагүй байсан юм.

Г.Ганхуяг эхний тойрогт хийлээд нутгийн бөх Михай Никола Палахиаг 8:6, АНУ-ын бөх Майлс Мартиныг 6:1-ээр тус бүр ялаад хагас шигшээд Ираны бөх Камран Гасемпуртэд 0:4-өөр ялагдсан. Гэхдээ хүрлийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон тивийн аварга, Туркийн Ариф Озенийг буулган авсан юм.


Ганбаатарын Ганхуяг 1996 оны гуравдугаар сарын 16-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 2014 онд гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлага дор “Ганьт” клубт чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Ховд аймгийн Булган сумын хоёрдугаар 12 жилийн дунд сургууль, “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн.


Ираны бөх Камран Гасемпурт
АНУ-ын бөх Майлс Мартин

Эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар эхний даваанд Косовогийн Дрилон Силаг 13:1-ээр буулган авсан ч дараагийн даваанд Кубын Рейнери Ортегад 5:2-оор дийлдсэн.

61 кг-д Ц.Чинзориг эхний даваанд хийлж, улмаар ОХУ-ын Магомедрасул Идрисовт оноогоор цэвэр ялагдсан. Орос эр жиндээ түрүүлсэн тул Ц.Чинзориг дагах тойрогт орсон ч Кыргызийн Улукбек Жолдошбековт 14:5-аар ялагджээ.

65 кг-д Т.Тулга олимпийн мөнгөн медальт Японы Рей Хигүчид 6:1-ээр ялагдсан. Япон эр энэ тэмцээнд торолгүй түрүүлсэн тул манай бөх дагаж барилдав. Эхлээд Энэтхэгийн Суреет Сингийг оноогоор цэвэр ялж, дараагийн даваанд ОХУ-ын Ислам Дудаевт 10:9-өөр харамсалтай ялагдлаа.

70 кг-д Э.Тэмүүлэн Хондурасын бөх Луис Рочесийг 15:4-өөр, Румыний Зураб Капраевийг 10:6 тус тус ялсан ч дараагийн даваанд Туркийн Энес Услуд оноогоор цэвэр ялагдсан.

74 кг-д З.Сумъяабазар эхлээд Казахстаны Алибек Абдикассимовыг 2:1-ээр илүүрхээд ОХУ-ын Тимур Бижоевийг барсангүй.

79 кг-д Д.Төгс-Эрдэнэ эхлээд Македонагийн Октавиан Ставилаг оноогоор цэвэр ялсан ч ОХУ-ын Гаджи Намиевт ялагдсан. Гэхдээ дагах тойрогт орж, Туркменистаны Довлетмурат Оразгылижовт ялагдаад тэмцээнээ дуусгажээ.

92 кг-д Ч.Алтангэрэл Грекийн Кристос Самарцидисийг 13:3-аар ялж, шөвгийн 8-д ОХУ-ын Асланбек Сотиевт 4:0-ээр хожигдсон. Орос эр финалд шалгарсан ч манай тамирчин Гүржийн Иракли Мцитурид 7:4-өөр ялагдаад тэмцээнээ өндөрлөв.

97 кг-д Б.Одсүрэн Украины Магамед Закариевт 2:0-ээр хожигдсон.

125 кг-д М.Лхагвагэрэл Польшийн бөхөд хожигдсон юм.