Үндэсний бөх: Ерөнхийлөгчийн цомын барилдааны талаар сонирхолтой баримтууд

1772

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаан болдог. 2011 оноос хойш найм дахь удаагаа зохиогдох гэж буй тус барилдааны тухай сонирхолтой баримтыг хүргэе.

  • Болох газар: Буянт-Ухаа спортын ордон
  • Эхлэх цаг: 14:00
  • Тасалбар: 10.000 төгрөг (ticket.mn-ээр захиалах эсвэл Буянт-Ухаа спортын ордны кассаас авч болно)
  • Шууд дамжуулалт: МҮОНТ, ТВ9, SPS Үндэс суваг

Тайлбар: Энэ жил бөхийн холбооны удирдлагууд маргаантай байгаа тул одоог хүртэл Бөхийн өргөө хаалттай хэвээр буй. Хоёр талын төлөөлөл болсон дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл түр хороо байгуулж, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх талаар албан бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Гэхдээ хоёр хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн цомын барилдааныг Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулдаг, урьдчилсан бэлтгэл ажил хангагдсан тул болох газрыг өөрчлөх боломжгүй болсон аж. Ингэснээр Ерөнхийлөгчийн цомын барилдаан анх удаа Бөхийн өргөөнөөс өөр газар зохиогдох боллоо.


Өнгөрсөн жил түрүүлсэн улсын харцага Т.Баасанхүүд үүрд хадгалагдах цом өгөв

2011 оноос хойш шөвгөрсөн бөхчүүд

2011 он:

  • У.АВ С.Мөнхбат (Ув) – Түрүү
  • У.Х Ц.Содномдорж (Хө) – Үзүүр
  • У.АР Х.Мөнхбаатар (Хө) – Их шөвөг
  • У.Г Ж.Бат-Эрдэнэ (ГА) – Их шөвөг

2012 он:

  • У.З М.Өсөхбаяр (Бу) – Түрүү
  • У.Г Д.Рагчаа (Ар) – Үзүүр
  • У.Х Ц.Содномдорж (Хө) – Их шөвөг
  • А.А Ц.Чимэддорж (Өв) – Их шөвөг

2013 он:

  • У.Н Б.Пүрэвсайхан (Хо) – Түрүү
  • У.АВ Г.Эрхэмбаяр (Сэ) – Үзүүр
  • У.АР Х.Мөнхбаатар (Хө) – Их шөвөг
  • У.З Б.Батмөнх (Тө) – Их шөвөг

2014 он:

  • У.АВ С.Мөнхбат (Ув) – Түрүү
  • У.Х Т.Өсөх-Ирээдүй (Сэ) – Үзүүр
  • У.АВ Г.Эрхэмбаяр (Сэ) – Их шөвөг
  • У.Г Б.Гончигдамба (За) – Их шөвөг

2015 он:

  • У.Х Б.Пүрэвсайхан (Хо) – Түрүү
  • У.З Ч.Санжаадамба (Ар) – Үзүүр
  • У.АВ Г.Эрхэмбаяр (Сэ) – Их шөвөг
  • У.АР Н.Батсуурь (Ув) – Их шөвөг

2016 он:

  • У.АР Р.Пүрэвдагва (Ар) – Түрүү
  • У.АВ Ч.Санжаадамба (Ар) – Үзүүр
  • У.З Б.Батмөнх (Тө) – Их шөвөг
  • У.З Б.Пүрэвсайхан (Хо) – Их шөвөг

2017 он:

  • У.Х Т.Баасанхүү (Ув) – Түрүү
  • У.З Н.Жаргалбаяр (Сэ) – Үзүүр
  • У.АВ Ч.Санжаадамба (Ар) – Их шөвөг
  • У.АР Н.Батсуурь (Ув) – Их шөвөг

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом
  • Энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат (2011, 2014), улсын заан Б.Пүрэвсайхан (2013, 2015) тус бүр хоёр удаа түрүүлсэн бол Б.Пүрэвсайхан начин цолтойдоо түрүүлсэн нь хамгийн бага цолтой бөх болсон юм.
  • Одоогийн улсын начин Ц.Чимэддорж 2012 онд их шөвөгт шалгарахдаа аймгийн арслан цолтой байсан нь тус барилдаанд шөвгөрсөн улсын цолгүй анхны бас одоогийн байдлаар цор ганц бөх болжээ.
  • Ч.Санжаадамба энэ барилдаанд түрүүлж үзээгүй. Тэрбээр сүүлийн гурван барилдаанд дараалан их шөвөгт шалгарч, хоёр үзүүрлэж, нэг шөвгөрсөн амжилттай. Түүн шиг гурван барилдаан дараалан шөвгөрсөн амжилтыг улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүлж байв. Эрхэмээ аварга 2013-15 оны хооронд нэг үзүүрлэж, хоёр дараалан шөвгөрсөн билээ.
  • Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяраас гадна тус барилдаанд гурван удаа шөвгөрсөн бөх бол улсын заан Б.Пүрэвсайхан. Тэрбээр хоёр түрүүлж, нэг шөвгөрсөн юм.
  • Зөвхөн түрүүлсэн бөхчүүдийг аймгаар нь хуваавал: Увс 3, Ховд 2, Булган, Архангайгаас тус бүр 1.
  • Их шөвөгт үлдсэн бөхчүүдийг аймгаар нь авч үзвэл: Увс, Архангай, Сэлэнгэ тус бүр 5, Хөвсгөл 4, Ховд 3, Төв 2, Говь-Алтай, Булган, Өвөрхангай, Завхан тус бүр 1.
  • Их шөвөгт шалгарсан бөхчүүдийг цолоор нь жагсаавал: улсын аварга 7, улсын заан 6, улсын арслан, улсын харцага тус бүр 5, улсын гарьд 3, улсын начин 1, аймаг цэргийн цолтой бөх 1.