Талбайн теннис: Рафаэль Надаль Грек залууд хичээл заав

1375

Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Испанийн Рафаэль Надаль, Грекийн Стефанос Циципасыг хялбархан ялж, шигшээд шалгарлаа.

Рафаэль Надаль энэ тэмцээний турш шинэ хөгжөөн дэмжигчидтэй болоод буй Грекийн залуу од Стефанос Циципасыг ердөө нэг цаг 46 минутын дотор буюу 6:2, 6:4, 6:0-ээр буулган авч, Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарлаа. Маргааш болох Сербийн Новак Жокович, Францын Люка Пуй нарын хожсонтой нь аваргын төлөө өрсөлдөх юм.

Ийнхүү Р.Надаль Австралийн нээлттэй тэмцээний шигшээд тав дахь удаагаа шалгарлаа. Их Дуулгын 17 түрүүтэй испани эр одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 онд Австралийн нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлж байв. Түүнээс хойш ногоон тивд гурван удаа (2012, 2014, 2017) финалдсан ч түрүүлж чадаагүй. Сербийн Н.Жокович, Швейцарийн С.Вавринка, Р.Федерер нарт хожигдсон.

Стефанос Циципас

Швейцарийн Р.Федерерийг 16-гаас нутаг буцаасан Стефанос Циципас шөвгийн наймд Испанийн Роберто Баутиста Агутыг ялсан юм. Хэдийгээр Р.Надальд юм болоогүй ч дэлхийн чансааны топ 20-д багтаж буй хамгийн залуу теннисчин түүнд их ирээдүй бий.

Сонирхуулахад, С.Циципасын эцэг нь грек бол эх нь орос хүн. Түүний эцэг, эх нь хоёул теннисчин. Ээж нь цагтаа өсвөрийн чансааг тэргүүлж, мэргэжлийн теннисний ертөнцөд чансаагаар топ 200-д багтаж байсан юм. Түүний аав ээж хоёр нь теннисний кортонд танилцсан хосууд. Грекийн Афинд болсон эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож байсан Жулия Салниковад ухаангүй дурласан шүүгч Апостолос Циципас араас нь уйгагүй гүйсээр эхнэрээ болгож авчээ. Өдгөө тэд Петрош, Павлош, охин Елисавет болон Стефанос гээд дөрвөн теннисчинтэй. Стефаносын доор ахиад гурван хүү бий. Тэд бүгд л талбайн теннис тоглодог гэнэ.