Жүдо: Ц.Цогтбаатар парисаас мөнгөн медаль хүртлээ

1107

Парисын Их Дуулга тэмцээний эхний өдөр монголчууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч сорьсон Ц.Цогтбаатар аваргын төлөө Японы Соичи Хашимототой тунасан ч харамсалтай нь, барилдаан дуусахаас 12 секундын өмнө иппоноор ялагдлаа. Тэд өмнө нь олон улсын тэмцээнд хоорондоо таарч байгаагүй юм.

ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Хашимото өнгөрсөн онд Их Дуулга болон Гранпри тэмцээнд түрүүлж чадаагүй. Харин 2019 оныхоо анхны тэмцээнд түрүүллээ.

Энэ жинд хүрэл медалийг Лондоны олимпийн аварга, Риогийн олимпийн хүрэлтэй Гүржийн Лаша Шавдатуашвили, Риогийн олимпийн аварга, Италийн Фабио Базель нар хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин гавьяат хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр Нидерландын жүдочийг ялснаар медалийн болзол хангажээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн нар шагналт V байр эзэллээ.