FINA: Сунь Яны эсрэг дайн

2640

БНСУ-д болж буй усан спортын ДАШТ-д олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал өрнөв. Олимпийн гурав, дэлхийн 11 удаагийн аварга БНХАУ-ын усанд сэлэгч Сунь Яны допингийн түүхийг тамирчид эсэргүүцсэн юм. Энэ удаагийн ДАШТ-ий 400 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлсэн хятад эрийг тус төрөлд мөнгөн медаль хүртсэн Австралийн усанд сэлэгч Мак Хортон эсэргүүцэж, түүнтэй хамт шагналын тавцанд зогсохоос татгалзсан юм.

Олимпийн аварга Мак Хортон

Олон улсын усан спортын холбооноос Мак Хортоны үйлдэлд сануулга өгсөн билээ. Гэхдээ М.Хортон ганцаараа биш. Түүний хийсэн үйлдлийг бусад орны тамирчид ч дэмжсэн юм.

Тодруулбал, Риогийн олимпийн хошой мөнгөн медальт, Их Британийн усанд сэлэгч Данкан Скотт 200 метрийн чөлөөт сэлэлтэд хүрэл медаль хүртсэн. Энэ төрөлд Хятадын Сунь Ян түрүүлж, Японы Кацүхиро Мацүмото мөнгө, ОХУ-ын Мартин Малютин болон Их Британийн Данкан Скотт нар хүрэл медаль хүртжээ. Харин Д.Скотт шагналын тавцанд гарсан ч допингийн асуудалтай хүнтэй гар барьж, зурагаа авхуулахаас эрс татгалзав.

Д.Скотт “BBC”-д өгсөн ярилцагадаа “Би Мак Хортонтой санаа нэг байна. Сунь Ян энэ спортыг хүндлэхгүй байхад бид яагаад түүнийг хүндлэх юм бэ?” гэж хариулсан аж.

Сунь Яны допингийн асуудал

2014: Хятадын Усан спортын холбооноос допинг хэрэглэсэн Сунь Яны тэмцээнд оролцох эрхийг гурван сараар хасаж байв.

2018: “Sunday Times” сонины мэдээлснээр Сунь болон түүний хамтрагчид допингийн шинжилгээний савыг хагалсан хэрэгт орж байв. Гэвч, олон улсын усан спортын холбооноос Сунь болон түүний багийн гишүүнийг буруутай гэж үзэхээс татгалзсан. Энэ шийдвэр олны дургүйцлийг төрүүлж, илүү дэлгэрэнгүй тайлбар шаардсан боловч холбооноос татгалзсан хариу өгчээ. Харин Олон улсын допингийн эсрэг хороо буюу WADA энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан билээ.