Теннис: Мария Шарапова их спортоо орхилоо

1460

Их Дуулгын таван түрүүтэй Мария Шарапова талбайн теннисээ орхилоо.

Өдгөө 32 настай М.Шарапова 2004 онд 17 насандаа Уимблдонд түрүүлж байв. Түүнээс хойш дөрвөн Их Дуулгад бүгдэд нь түрүүлсэн 10 эмэгтэй тамирчдын нэг болсон билээ.

М.Шарапова 2016 онд мелдониум хэмээх допингийн бодис хэрэглэсэн гэх шалтгаанаар 15 сар их спортоос хөндийрсөн. Гурван жилийн өмнө эрх нь сэргэсэн ч гэмтлээс салаагүй юм. Дэлхийн чансааг тэргүүлж явсан орос бүсгүй 373 руу уруудсан нь 2002 оны наймдугаар сард анхны Их Дуулгадаа оролцсон үеэс хойших хамгийн тааруу чансаа болсон билээ.

17-той ОД

М.Шарапова 17 насандаа Уимблдоны Их Дуулгад АНУ-ын алдарт Серена Уильямсыг ялснаар уг цомыг хүртсэн гурав дахь залуу эмэгтэй теннисчин болж байв. Өмнө нь Лотте Дод, Мартина Хингис нар л түүнээс залуудаа Уимблдонд түрүүлсэн билээ.

Үүнээс хойш М.Шарапова 36 цом хүртэж, нийт тэмцээнээс 38 сая ам.долларын орлого олжээ. Одоогоос 15 жилийн өмнө тэр дэлхийн чансааг тэргүүлсэн анхны орос эмэгтэй теннисчин болж, тэр жилээ Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байв.

2007 онд мөрний гэмтлийн улмаас улирлын дийлэнхийг өнжсөн ч 2008 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэв. Харамсалтай нь, өнөөх л мөрний бэртлийн улмаас Бээжингийн олимп болон Америкийн нээлттэй тэмцээнийг өнжсөн.

2012 онд Ролан Гаррост түрүүлснээр дөрвөн Их Дуулгад бүгдэд нь аваргалсан 10 дахь эмэгтэй теннисчин болсон юм. Улмаар Лондоны олимпод мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2013 оны шороон талбайд түрүүлсэн юм.

Допинг буюу Мельдоний

2016 оны гуравдугаар сард М.Шарапова хэвлэлийн бага хурал зарлав. Австралийн нээлттэй тэмцээний үеэр допингийн шинжилгээ өгсөн түүнээс тухайн үед орос гаралтай тамирчдын шүдний өвчин болоод байсан мельдоний хэмээх бодис илэрчээ. Энэ бол зүрхний өвчинд хэрэглэдэг эм бөгөөд 2016 оны нэгдүгээр сараас хойш хориотой бэлдмэлийн жагсаалтад орсон юм.

М.Шарапова эрүүл мэндийн шалтгаанаар уг бэлдмэлийг 2006 оноос ууж байгаа гэдгээ тайлбарласан. Улмаар допинг хэрэглэсэн тул түүний эрхийг хоёр жилээр хассан ч спортын арбитрын шүүхэд давж заалдаад уг хугацааг 15 сар болгосон билээ.

Тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сард талбайн теннистээ эргэн ирж, улмаар аравдугаар сард болсон Тьянжиний нээлттэй тэмцээнд түрүүлсэн нь түүний хувьд сүүлийн цом байлаа.

Баярлалаа, баяртай

М.Шараповаг их спортоо орхих шийдвэр гаргахад түүний дасгалжуулагч Риккардо Пиатти “Агуу тамирчинтай хамтрах сайхан байлаа. Бидний харилцаа удаан үргэлжлээгүй нь харамсалтай юм. Түүнд амжилт хүсье” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн бол Их Дуулгын хоёр түрүүтэй, Чехийн Петра Квитова нэгэн цаг үед өрсөлдөж явснаараа үргэлж бахархах болно хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Дубайн нээлттэй тэмцээнд оролцож байгаа Н.Жокович Филип Колшрайберийг ялсныхаа дараа “Тэр бол үнэхээр тэмцэгч нэгэн. Бэртэл гэмтлээсээ эргэн ирж, хуучин формондоо ороод Их Дуулгад түрүүлсэн нь жинхэнэ аварга гэдгийг баталж буй хэрэг” хэмээн онцолжээ.