Сонирхогчдын холимог тулааны хүнд жингийн дэлхийн аварга асан Анатолий Малыхин ОХУ-ын Сибирийн Кемерово хотын захиргаанд ил захидал илгээжээ. Кемеровогийн уугуул холимог тулаанч тус хотын худалдааны төвд гарсан гал түймэртэй холбогдуулж, хотын захирагч Аман Тулеевийг ажлаа өгөхийг шаардсан байна.
Энэ жил 30 настай Анатолий өнгөрсөн жилээс мэргэжлийн холимог тулаанаар хичээллэх болж, хоёр ялалт байгуулсан билээ.
Холимог тулаанчтай ижил бодолтой байгаа хүн Кемеровот олон байгаа аж. Иргэд гудамжинд жагсаж, одоогийн захиргааг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавьсан төдийгүй гарын үсэг цуглуулж эхэлсэн гэнэ.
Гэрч нарын мэдүүлж буйгаар гал гарах үеэр анхааруулах дохио дуугараагүй. Түүнчлэн гадагшаа гарах зарим гарц түгжээтэй байсан нь олон хүний аминд хүрэх шалтгаан болсон юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кемеровот зочилж, энэ үеэр гэмт хэрэгтнүүдийн хайхрамжгүй байдал ийм зовлон авчирлаа гэж онцолсон билээ.
В.Путин гуравдугаар сарын 28-ны өдрийг амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгож, уг өдөр болох ёстой байсан бүх арга хэмжээг цуцалсан юм.