Токиогийн олимп болох эсэх нь спорт сонирхогчдын анхаарлыг татсан сэдэв болов. Японы Засгийн газрын зүгээс олимпыг зохион байгуулахаас татгалзах асуудлаар яригдсан талаар барууны хэвлэлд онцолж эхэллээ.
Их Британийн “The Times” сонинд гарсан нийтлэл дээр “Японы парламентийн нэгэн ахмад гишүүний үзэж буйгаар Токиогийн олимпыг зохион байгуулах нь эрсдэлтэй алхам тул татгалзах хэрэгтэй” гэж ярьсан юм. Түүнчлэн Засгийн газрын зүгээс 2032 оны олимпыг зохион байгуулах хүсэлтэй байгаа талаар тус сонин дурджээ.
Цар тахлын аюул Японд бусад орнуудтай харьцуулахад бага байгаа боловч сүүлийн үед эрс нэмэгдсэн учир хилээ хааж, Токио зэрэг олон хүнтэй хотод хөл хорио тогтоосон.
Гэхдээ энэ мэдээллийг Олон улсын олимпын хороо болон Японы Засгийн газрын зүгээс эрс няцаав.
Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах Японы “Kyudo News”-т өгсөн ярилцлагадаа Токиогийн олимпыг хойшлуулах нөхцөл үүсээгүй, “Б” хувилбар гэж байхгүйг онцолсон. Түүнчлэн 2022 онд Бээжинд болох өвлийн олимпыг ч хойшлуулах бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр цар тахлын хүнд бэрх энэ үед олимпыг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. “Kyudo News” сонины газраас Японы иргэдийн дунд санал асуулга явуулахад 80% нь олимпын эсрэг санал өгсөн билээ.
Японы Засгийн газрын зүгээс ч “The Times” сонинд гарсан нийтлэлтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд олимпыг цуцлах тухай ямар нэгэн асуудал яригдаагүй. Ийм цуурхал тарааж байгаа явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Токиогийн олимп ба улс төр
Токиогийн олимпыг зохион байгуулахыг эсэргүүцэж буй хүмүүс ч Японд мэр сэр бий. Осака мужийн захирагч Ичиро Мацү олимпыг дөрвөн жилээр хойшлуулах шаардлагатай гэж хэвлэлд ярьсан. Японы сөрөг хүчин болох “Инновацын нам”-ыг тэргүүлдэг И.Мацү “The Mainichi” сонинд өгсөн ярилцлагадаа Токиогийн олимпыг дахин хойшлуулж, 2024 онд зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Төлөвлөгөө ёсоор бол 2024 онд Парист олимп болох ёстой. Гэвч цар тахлын улмаас олимпын бэлтгэл ажил ч хойшлогдож буй энэ үед тэдэнд ч бас хойшлуулах нь ашигтай гэж улс төрч эр үзэж байгаа юм.