Ганцаарчилсан буюу 1 хүний суудалтай автомашины хамгийн дээд зэрэглэлийн уралдаан бөгөөд тусгайлан бэлтгэсэн зам болон нийтийн эзэмшлийн зам дээр хүн ам олонтой 15 улсын томоохон хотуудад ээлжлэн жилийн туршид 20-23 удаа явагддаг цуврал уралдаан.
Жил бүр уралдаанаас 2 аварга төрөх бөгөөд нэг нь шилдэг нисгэгч, нөгөө нь шилдэг инженер.
2021 ОНЫ БАГУУД
F1 уралдаанд одоогоор 10 багийн 20 нисгэгч уралдаж байна.
- Мерседес – ЭйЭмЖи Петронас (Англи, 7 удаагийн аварга)
- Алпин (Англи, 2 удааагийн аварга)
- Хаас (АНУ)
- МкЛарен (Англи, 8 удааагийн аварга)
- Альфа Ромео ОРЛЕН (Швейцарь)
- Рэд Булл (Англи, 4 удаагийн аварга)
- Астон Мартин Когнизант (Англи)
- Скудера Феррари Мишн Винно (Итали, 16 удаагийн аварга)
- Скудера АльфаТаури Хонда (Итали)
- Виллиамс (Англи, 8 удаагийн аварга)
АВАРГУУД
Бидний сайн мэдэх Германы алдарт нисгэгч Михайл Шумахер нийт 91 удаагийн уралдаанд түрүүлсэн байдаг.
2020 оны аравдугаар сард 92 дахь түрүүгээ хүртэж алдарт нисгэгч Шумахерыг гүйцэж байсан Льюс Хэмилтон оны эцсийн дүнгээр 95 удаагийн цом хүртэж агуу амжилтын цувралаа үргэлжлүүлсээр байна.
Тэрээр 1985 оны нэгдүгээр сарын долоонд төрсөн бөгөөд анхны цомоо 2007 онд Канадын Гран При уралдаанаас хүртэж байсан.
УРАЛДААНЫ МАШИН
Машины их биеийг Карбон файбэр маш хөнгөн хуванцар материалаар хийх бөгөөд нийт жин нисгэгчийн хамтаар 690 кг-аас хэтрэхгүй ёстой.
Машины урт 450-480см, өргөн 180см, өндөр 90см.
1.6 литрийн V6 турбо хөдөлгүүрийг 98-102 октантай био бензинээр цэнэглэнэ.
Хурдны хайрцаг нь 8 шатлалтай (8 араатай) мөн ухрах араатай.
Энэ хөдөлгүүр дээд тал нь 370км/цаг хурдалж байсан.
ОНООНЫ СИСТЕМ
Уралдааны ялагч 25 оноо авах бөгөөд дэд байрын эзэн 18 оноо, гурвадугаарт орсон нь 15 оноо гэх мэтээр 12, 10, 8, 6, 4, 2, 1 оноо авна. Эдгээр оноог нисгэгч болон техникийн багийг хамтад нь үнэлж байна хэмээн ойлгож болно.
ЗАР СУРТАЛЧИЛГАА
F1-ийг тойрсон асар их мөнгөний зах зээл бий болжээ. Дэлхий дээрх хамгийн үнэтэй сурталчилгааны талбайд F1-ийн автомашин дээрх болон нисгэгчийн малгай, хувцас хэрэгслэл дээрх зай орно. Тухайн сурталчилгааны талбайг см2-аар нь үнэлдэг бөгөөд Марлборо брэнд 1см2 талбайг 1.5 сая доллараар олон жилээр түрээслэн авч байсан.
ТУРШИЛТ УРАЛДААН
Энэ уралдаанд нисгэгч нар замын нөхцөлтэй танилцан шулуун зам, огцом эргэлтүүдийг цээжилж түүгээр хэрхэн өнгөрөхөө тооцоолдог. Үндсэн уралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу ихэвчлэн баасан гарагт болно.
БАЙРШИЛ ТОГТООХ УРАЛДААН
Туршилт уралдааны маргааш байршил тогтоох уралдаан болно. Энэ өдөр багууд аль байрлалд машинаа байршуулахаа тооцоолж уралддаг болохоор илүү стратегийн шинжтэй уралдаан болдог. Байршил тогтоох уралдаанд түрүүлсэн багууд үндсэн уралдаанд эхний байрлалд зогсох эрхтэй болох тул чухал уралдаан.
ҮНДСЭН УРАЛДААН
Хамгийн их үзэгчтэй жинхэнэ тулааны өдөр бөгөөд өмнөх хоёр уралдааны дараа ням гарагт уралдаан эхлэнэ. Багууд байршил тогтоох уралдаанд эзэлсэн байраараа уралдааны замд жагсаж гараанаас зэрэг хөдөлнө.
ПИТ СТОП F1 уралдааны салшгүй нэг хэсэг бол Пит стоп (зогсоол) юм. Уралдааны явцад машиныг техник үйлчилгээгээр хангах цэг. Энэ цэгт хамгийн бага хугацаа зарцуулах нь уралдааны үр дүнд онцгой нөлөөлдөг учир F1-ийн багууд Пит крю гэж нэрлэдэг сервис үйлчилгээний багтаа өндөр ур чадвартай механикууд ажилуулдаг. Тэд:
– Салхины шил цэвэрлэх
– Дугуй солих, дугуйн даралт шалгах
– Тормосны ажиллагаа шалгах
– Шатахуун цэнэглэх
– Радиаторын агаар соруулах
– Хүч дамжуулах эд ангийн ажиллагааг шалгах
– Нисгэгчид мэдээлэл өгөх зэрэг ажил хийдэг.
Энд нэг сонирхолтой зүйл онцлоход 1 секундэд 12л бензин шахдаг өндөр даралтын насосс ажилладаг.
Лоллипоп ман: Зогсох тэмдэг барих бөгөөд нисгэгчийг хэзээ PIT STOP-д орохыг заана.
Дугуй солигчид: Машины нэг дугуй дээр 4 механик зогсч 4 дугуйг зэрэг солино. Хоёр нь хуучин дугуйг салгахад хоёр нь шинэ дугуйг зөрүүлж тавина.
Жак ман: Машиныг өргөх үүрэгтэй.
Фүэл прэс ман: Шатахууныг ерөнхий механикийн зааврын дагуу шахна.
Файр экстингүйшр ман: Гал сөнөөгч. Гэнэтийн хүчин зүйлсээс шалтгаалан гарах галын аюулыг унтраана.
Стартэр ман: Хэзээ хөдөлж болохыг нисгэгчид заах үүрэгтэй.
Хэрэв та F1 үзэх бол анх тасалбар авахдаа ПИТ СТОП-д ойрхон байрлал эзэлбэл илүү сонирхолтой.
ДУГУЙ
Уралдааны машинд дугуй хамгийн чухал. Цаг агаарын нөхцлөөс хамаарч: – Борооны – Нартай халууны – Хүйтэний – Хатуу замын – Холимог гэх мэт ангиллын дагуу өөр өөр дугуй хэрэглэнэ. Дугуйгаа уралдах нөхцөлдөө тааруулах зорилгоор нисгэгч нар дугуй халаах гэж нэрлэдэг үзүүлбэр хийдэг. Энэ нь тогтмол хурдаар замын хоёр тийш савлаж явдаг.
Уралдааны явцад нисгэгч өөрөө дугуйн элэгдлээ хянах бөгөөд хэзээ дугуй солихыг багийн ерөнхий инженер шийддэг.
Эх сурвалж: И.Баярсайхан