Сагсан бөмбөг сонирхдог төдийгүй спортыг ойлгодог хүн бүрийн дуртай кино бол “Space Jam” билээ.
Уг кино 1996 онд дэлгэцнээ гарч 230.4 сая долларын ашиг олсон байдаг. Тухайн үед NBA-гийн гол төлөөлөгч байсан Майкл Жордан киноны гол дүрийг бүтээсэн ба хоёрдугаар ангийг театруудаар гарсны дараахан хийхээр төлөвлөж байлаа. Гэхдээ Жордан дараагийн ангид нь тоглохыг хүсээгүй учир “Варнер Брос” төслийг хойшлуулахаас өөр аргагүйд хүрч байлаа.
Харин 2014 оны хоёрдугаар сард “Варнер Брос” уг төслийг дахин эхлүүлж Леброн Жэймс киноны гол дүрд тоглох болсныг зарласан. Улмаар Леброн Жэймсийн үүсгэн байгуулсан “Спринг Хилл Энтертаймент” уг киног бүтээхээр “Варнер Бростой” гэрээ байгуулсан билээ. Үүнээс хойш зургаан жилийн дараа киноны хоёрдугаар анги “A new legacy” буюу “Шинэ өв” дэлгэцнээ гарахад бэлэн боллоо.
Киноны зураг авалт 2019 оны зун эхэлсэн бөгөөд АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотын ойролцоо хийсэн гэнэ. Тус бүтээлийг энэ оны долдугаар сарын 14-нд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж буй ажээ. Жорданы кино нийт 80 сая ам.доллараар хийсэн бол энэ удаа түүнээс хоёр дахин их буюу 161.9 сая “ногоон”-оор бүтсэн байна.
Кинонд өнөө цагийн сагсан бөмбөгийн одууд болох Энтони Дэвис, Дамиан Лиллард, Клэй Томпсон, Кайри Өрвинг, Крис Пол, Дрэймонд Грийн, Кайл Кузма болон эмэгтэй сагсан бөмбөгийн холбооны тоглогч Диана Таураси зэрэг алдартнууд дүрээ мөнхөлжээ.
Б.Цогтбаяр