Алдартай хөлбөмбөгчид тамирчны замналаа өндөрлүүлээд төрсөн нутагтаа очиж дасгалжуулагч эсвэл спортын сэтгүүлч болох нь элбэг. Харин зарим нь хувийн бизнесээ эхлүүлж карьераа хөөдөг билээ. Энэ удаад зодог тайлсаныхаа дараа хүмүүийн санаанд оромгүй өөрчлөлт хийсэн хөлбөмбөгчдийг танилцуулья.
Биксант Лизаразю – Жюү Жицүгийн тамирчин
1998 онд дэлхийн аварга цол хүртсэн Францын шигшээ багийн хамгаалагч Биксант залуудаа Францын “Бордо”, Германы “Байерн Мюнхен”-д олон жил тоглосон зүтгэсэн. Өдгөө франц хамгаалагч Бразилын жюү жицүгийн хар улаан бүсний эзэн болсон байна.
Рио Фердинанд – Мэргэжлийн боксчин
Английн шигшээ болон “Манчестер Юнайтед” багийн арын хамгаалалтын чанга залуусын нэг Рио хөлбөмбөгөөс зодог тайлаад мэргэжлийн боксчин болсон билээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Би аваргын цом авч үзсэн болохоор энэ удаа бүс авч үзэх зорилготой байна” гэж ярьж байв. Түүнийг нэг ч ялагдалгүй зодог тайлсан мэргэжлийн боксын цөөн хэдэн тамирчдын нэг гэж хэлж болно. Учир нь тэрбээр нэг ч тулаан хийгээгүй ба урт хугацааны бэлтгэл хийж, олон удаагийн хүсэлт Британийн боксын холбоонд явуулсан ч мэргэжлийн бокст орох зөвшөөрөл өгөөгүй учраас тулааны спортод орох мөрөөдлөө орхисон юм. Учир нь боксын промоутер Барри Хирн “Хэрэв Фердинанд жинхэнэ мэргэжлийн тулаанчидтай өрсөлдөөд нэг л цохиулах юм бол түүний өрсөлдөгч нь бараг шоронгийн хаалга татаад л дуусах биз” хэмээн шүүмжилжээ.
Жибриль Сиссе – DJ
Сиссе 2005 онд Истанбулд Аваргуудын лигийн аварга болсон “Ливерпүүл”-д зүтгэж байсныг хөлбөмбөг сонирхогчид андахгүй биз ээ. Тэрбээр өвөрмөц үс засалтаараа алдаршиж, тамирчны замналдаа хоёр ч удаа хөлөө хугалж, хүнд хэцүүг даван туулж чадсан юм. Олноос ялгарах түүний хүсэл эрмэлзлийг анх 2009 онд өөрийн хувцасны брэнд “Klubb 9”-ийг худалдаанд гаргаснаар илэрч байв. Тэтгэвэрт гарсныхаа дараа Францын “Такси 4” киноны гол дүрээс гадна өөртөө Mr Lenoer хэмээх тайзны нэр өгч, урлагийн карьер хөөх болжээ.
Даниел Аггер – Шивээсчин
Английн “Ливерпүүл”- клубд арын хамгаалагч байсан Даньел Аггер 2016 онд 31 настайдаа спортоо орхиж өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн шивээсчин болохоор шийдсэн байна.
Лилиан Тюрам – Улс төрч
“Ювентус”, “Барселона” зэрэг дэлхийн томоохон багт тоглож, 1998 онд дэлхийн аварга болж байсан хамгаалагч Лилиан Тюрам зодог тайлаад арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг үзэл, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч болсон юм. Тэрбээр НҮБ-ын хүүхдийн сангийн элчээр томилогдсон. Түүний үүсгэн байгуулсан сангийн хүрээнд “Human zoos: The invention of the savage” музей Парист нээгдэж олны анхаарлыг татсан билээ.
Фабьен Бартез – Автомашины уралдаанч
Францын шигшээ болон Английн “Манчестер Юнайтед” багийн хаалгач асан Фабиен Бартез Францын GT автомашины цуврал тэмцээний аваргаар тодорч байсан билээ. Бартез хөлбөмбөгөөсөө зодог тайлсныхаа дараа 2008 онд 42 насайдаа авто спортын карьераа эхлүүлсэн. Тэрбээр “Би хөлбөмбөг тоглодог байхдаа ч авто спортыг маш их сонирхдог байсан. Үргэлж л өөрийгөө машин дотор байгаагаар төсөөлж, дотор нь суух ямар байдаг бол, юу мэдэрдэг бол гэж бодогддог байлаа. Энэ хүслээ биелүүлэхийн тулд би эхлээд хөлбөмбөгийн замналаа дуусгах хэрэгтэй байсан юм. Авто спорт бол хөлбөмбөгтэй тийм ч адилгүй л дээ, чи 35 хүрсэн ч уралдаад үзэхэд оройтохгүй” гэж нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
М.Ану