Хойд Солонгос Токиогийн олимпод оролцох уу?

1987

Хойд Солонгос улс тамирчдаа цар тахлын халдвараас сэргийлэн энэ зун болох Токиогийн олимпод оролцуулахгүй гэдгээ өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Пёньян хотод зохион байгуулагдсан Хойд Солонгосын ҮОХ-ны хурал дээр гаргасан гэж өчигдөр мэдээллэсэн боловч Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/ уг мэдээллийг үгүйсгэлээ. ОУОХ-ны зүгээс “Хойд Солонгос олимпод оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй” гэж мэдэгдэв.

ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Хойд Солонгосын олимпын хороо ОУОХ-ны санал хүсэлтийг үл хайхран олимпын наадам болон тахлын талаар хэлэлцсэн нь зохимжгүй үйлдэл байсан. Тус улсын зүгээс Токиогийн олимпод оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдээгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргасан бол ОУОХ-нд мэдэгдэх ёстой” гэв.

1988 оны зуны Олимпын наадам Сөүл хотод зохион байгуулагдахад Хойд Солонгосын тамирчид оролцоогүй. Гэхдээ 2018 оны Пёнчаны өвлийн олимпод хамтран оролцож байв. Тэд эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хамтарсан багаа оролцуулж, нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд хамт жагссан билээ.

М.Ану