Марвин Веттори “том амт” Кевин Холландын амыг таглав

1693

Өнгөрсөн жил Кевин Холланд дараалан таван тулаан хийн бүгдэд нь ялж UFC чансааны топ 10-т хүч түрэн орж ирсэн. Харин энэ жил түүний хувьд хар дарсан зүүд шиг л эхэлж байна. Хэдэн долоо хоногийн өмнө хэвтээ барилдааны суурьтай Дерек Брансонтой таван үеийн турш хүнд тулааны ялагдлын дараа эгэмний яс хугарсан шалтгаанаар тулаанаа цуцлах болсон англи залуу Даррен Тиллийн оронд Марвин Ветторитой таван үе тулалдаж ялагдлаа.

Эхний үеэс К.Холланд чацаар илүүрхэн урд гарын цохилтоор өрсөлдөгчөө зайнд барих тактикийг барьсан бол М.Веттори бяраар илүүрхэн хэвтээ барилдаанд өрсөлдөгчөө шилжүүлэх төлөвлөгөөтэй байв. Итали эр тулаанд хангалттай бэлдэх хугацаатай байсан бол К.Холландын хувьд богино хугацаанд хангалттай бэлтгэл хийж амжаагүй нь илт харагдаж байлаа. М.Веттори өрсөлдөгчөө удаа дараа унагаж ээлж дарааллсан цохилтоор сулруулж хоёрдугаар үед К.Холландын зүүн нүд юм харах аргагүй болтол хавдсан. Дэвжээны шүүгч, эмчийн хамт үзлэг хийсний эцэст тулаан үргэлжилсэн юм. К.Холландын хувьд учраа олохгүй байсаар гуравдугаар үед боолтонд орж золтой л унтчихаагүй. Сүүлийн хоёр үед К.Холланд эргэн ирэх оролдлого хийн угтуулсан цохилтоор өрсөлдөгчөө сандаргахыг хичээсэн боловч итали эр төлөвлөснөө гялалзтал хэрэгжүүлж бүх үеийн турш илүүрхснээр шүүгчдийн саналаар ялалт байгууллаа. Тулааны дараах ярилцлагадаа Веттори өөрийгөө жиндээ шилдэг нь гэдгээ дурдаад гурван жилийн өмнө Нигерийн “Хар дарсан зүүд” хочит Исраел Адесаниад ялагдсан хариугаа авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Аллений ялалтын цуврал найм болов

Арнольд Аллен энэ үдшийн сүүлийн тулаанд Нигерийн Содик Юсуффын эсрэг хийж UFC-гийн замналдаа ялагдаагүй цувралаа үргэлжлүүлэв. Юсуфф тулааны эхнээс хөлийн кидан өшиглөлт, урд гарын цохилтоор өрсөлдөгчдөө дарамт үзүүлж эхэлсэн. Харин Аллен илүү олон талт тулаанч гэдгээ харуулж өрсөлдөгчийнхөө цохилтийг гаргаж, сөрөг довтолгоогоор хариу барьж байлаа. Тулааны эхний үед Аллений зүүн гарын хүчтэй цохиолтод өртсөн Юсуфф унасан боловч өрсөлдөгч нь энэ боломжийг ашиглаж тулааныг дуусгаж чадаагүй. Хоёрдугаар үед Аллений өшиглөлт Юсуффын чихний дээд талд тусаж хүнд цохилтоор золтой л дуусгачихсангүй. Нигери эрийн цохилт даах чадварыг магтууштай байсан ч цохилт гаргах чадвар хөл дээр ажиллах ажиллагаа Алленаас хол дутуу нь харагдаж байлаа. Дараагийн үед Аллен өрсөлдөгчөө торонд шахаж, идэвхтэй тулаан үзүүлж байсан тул шүүгчид түүнд ялалт өгчээ.

Ж.Маркес, М.Дерн нар өрсөлдөгчөө өчих мэхээр ялав

Харилцан довтолсон зэрлэг тулаанд Жулиан Маркес хур их туршлагатай, “Инээмтгий хүн” хочит Сэм Алвейгийн ард гарч боолт хийснээр ялав. Маркес эхний тойрогтоо л Алвейг шахаж гарын хүнд цохилтоор буулгаж авахыг эрмэлзэж байсан бол ахмад тулаанч хариуг нь барьж чадахаа хэдэнтээ харуулаад амжсан. Хоёрдугаар тойрогт Маркес өрсөлдөгчөө урд гар, хажуугийн холбосон цохилтоор өрсөлдөгчөө унагаасан ч Алвей бууж өгөлгүй эсэргүүцэл үзүүлж байсан тул Маркес боолт хийснээр өрсөлдөгчөө “унтуулав”. Шүүгч харьцангуй оройтож тулааныг зогсоосон тул тамирчны эрүүл мэндийг хамгаалж чадаагүй, мэргэжлийн бус хандлага гаргав.

Холимог тулааны ертөнц дэх ээжүүдийн тулаан буюу Маккензи Дерн, Нина Ансароффтой тулалдаж ялалт байгуулав. Ээж болоод тулааны ертөнцөөс хөндийрөөд байсан Дерний хувьд энэ нь эргэн ирснээс хойш хоёр дахь тулаан бол Нинагийн хувьд завсарлагааны дараах анханы тулаан болсон юм. Тулааны эхнээс жюү жицү суурьтай бразил бүсгүй өрсөлдөгчөө унагааж өөрийн давуу талаа ашиглахыг илүүд үзсэн бол америк бүсгүй тулаанаа босоо байдлаас үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй гарч ирсэн юм. Дерн тууштай оролдлогоор өрсөлдөгчөө унагаж яаралгүй өчигний барьц авч, аажмаар ахиулсаар зүүн гарт нь өчиг хийснээр ялав. Сонирхуулахад, Нина Ансарофф нь Бразилын холимог тулааны супер од эмэгтэй тамирчин Аманда Нунестэй гэр бүлийн харилцаа үүсгэн саяхан хүүхэдтэй болсон билээ. Тэрбээр одоо Нунес нэрээр овоглож Нина Нунес хэмээх нэр авчээ.