Конор МкГрегор цагдаад мэдүүлэг өгнө

1821

Ирландын тулаанч, Конор МкГрегор Нью-Йоркийн Бруклин дүүрэгт үймээн тарьжээ. Энд UFC 223 тулааны талаарх хэвлэлийн бага хурал болсон бөгөөд үүний дараа тамирчид зочид буудал руу буцах үед К.МкГрегор ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовын сууж явсан автобус руу халдсан юм.

Хабиб Нурмагомедов хоёр хоногийн өмнө байрлаж байсан буудалдаа орос гаралтай ирланд тулаанч, К.МкГрегорын бэлтгэл хангагч, дотны найз Артем Лобовтой муудалцсан. Үүнээс болж, Конор орос тулаанч руу дайрсан бололтой. Лобов Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хабибыг тулаанч биш гэж онцолсон нь тэдний муудалцах шалтгаан болсон гэнэ. Хабиб Нурмагомедов тун удахгүй Макс Холловэйтэй тулалдах бол Артем Лобов энэ тулааны өмнөхөн Алекс Касерестэй тулалдах байсан ч энэ үйл явдлаас болж хасагдсан байна.



UFC-ийн эзэн Дана Уайт Ирланд тулаанч К.МкГрегорын үйлдэлд цагдаагийн газраас тайлбар авахыг хүссэн тухай ESPN-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Учир нь үймээний үеэр автобусны цонх хагарч, үүний улмаас ирэх бямба гаригт тулалдах холимог тулаанч Майкл Чеса толгойндоо гэмтэл авсан аж. Тэр одоог хүртэл эмнэлэгт байгаа юм.

Дана Уайт болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, UFC-ийн түүхэнд болсон хамгийн бохир зүйл хэмээн онцолж, цаашид К.МкГрегортой хамтрах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

К.МкГрегор өөрөө цагдаагийн газарт очсон ч хууль сахиулагчид одоогоор гэм буруутай гэж үзэх эсэх нь тодорхойгүй байна.

Харин болсон үйл явдлын талаар Хабиб сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Үнэхээр инээдтэй зүйл боллоо. Конор надтай ярилцахыг хүсвэл байгаа газраа хэлэхэд л болно. Түүнтэй ярилцахад надад ямар нэг гай зовлон болохгүй” гэж ярьсан юм.