Алдарт Тайрон Вудли UFC-гийн огтагонд эргэн ирэхгүй. Нэгэн цагт хагас хөнгөн жингийн нүүр царай болж байсан Вудли хамгийн сүүлд Винсэнт Лукуид ялагдсанаар дөрөв дараалан хожил авч чадаагүй юм.
Энэ жил 39 настай Тайрон Вудли найман жилийн өмнө UFC-гийн замналаа Жэй Иероныг ялж эхлүүлж байсан түүхтэй. Хуучин аваргын UFC-тэй хийсэн гэрээ энэ онд дуусаж байгаа тухай менежер Малки Кава нь твитерт жиргэсэн юм.
Вудли 2016 онд жингийнхээ аварга асан Роби Лавлэрийг ялж бүсийг нь булаан авч байв. Чөлөөт бөхийн суурьтай тулаанч маань бүсээ хамгаалах эхний тулаандаа Стефен Томпсонтой хийж тэнцээгээр өндөрлүүлсэн. Түүний дараа Томпсонтой ахин тулалдаж оноогоор ялсан билээ. Улмаар жиү жицүгийн мастер Дамян Майяг ялж аваргын бүсээ хадгалав. Мөн ид тодрон гарч байсан залуу тулаанч Дарен Тиллд хичээл зааж аваргын бүсээ амжилттай хамгаалсан аж.
Замналынхаа оргилд хүрсэн Вудли холбооноос Конор Макрегор, Нэт Диас нартай тулалдуулахыг удаа дараа шаардаж байсан ч санаснаар нь болоогүй юм. Харин 2019 онд тулааны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Камару Усманд ялагдаж аваргын бүсээ алдав. Аваргын бүсээ алдсанаас нэг жилийн дараа Жилбэрт Барнс, Колби Ковингтон нарт ээлж дараалан хүнд хожигдол амссанаар чансаа уруудаж эцэст нь UFC-г орхих шийдвэр гаргалаа.
Тэрбээр замналынхаа турш ес ялж, нэг тэнцэн, зургаан удаа ялагдсан юм. Магадгүй Вудли UFC-г орхисны дараа өөр холбоотой гэрээ байгуулах эсвэл найз Бен Аскренийг ялсан Жек Полтой үзүүлэх тулаан хийж болох юм.