Сүмогийн дэвжээн дээр гэмтсэн залуу нас баржээ

2349

Японы мэргэжлийн сүмо бөхийн тамирчин Хибикирю өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны өдөр гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Барилдааны үеэр толгойгоороо унасан түүнд түргэн тусламжийг шуурхай хүргэж чадаагүй юм. Учир нь сүмод эмч нарыг дэвжээний хажууд суулгадаггүй бөгөөд бөхчүүдийг унасныхаа дараа өөрсдөө босч ирэхийг хүлээдэг уламжлалтай аж. Иймээс тэрбээр дэвжээн дээр хэдэн минутын турш тусламж авч чадалгүй хэвтжээ. Үүний дараа эмнэлэгт хүргэгдэж, биеийн байдал нь сайжирч байсан боловч өнгөрөгч лхагва гарагт түүнийг нас барсан тухай сүмо бөхийн холбооноос мэдээлэллээ. Энэ мэдэгдэлдээ “ Хибикирю амьсгалын замын цочмог дутагдлын улмаас нас барсан бөгөөд энэ нь түүний гэмтэлтэй  холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Түүний сүнс тайван амгалан байх болтугай, гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

Тэгвэл 20 жилийн турш бөхчүүдийг эмчилж байсан зүү төөнөгч, массажист Хидео Ито “Тэр үргэлж сайхан инээмсэглэдэг, бусдыг бодож явдаг гайхалтай бөх байсан” хэмээн дурсжээ. Мөн түүнийг унахдаа нуруугаа гэмтээсэн байж болзошгүй. Иймээс эмч нар үргэлж бэлэн байгаасай гэж уриалсан байна.

Талийгаач Хибикирюгийн жинхэнэ нэрийг Мицүки Амано гэдэг бөгөөд 2011 онд спортын гараагаа эхэлж байжээ. Тэрбээр санданмэ зиндааны 24-т бичигдэж байсан нь дээд амжилт аж.

Тэгвэл энэ өдрүүдэд яагаад түүнд шуурхай түргэн тусламжийг үзүүлж чадаагүй вэ хэмээн хэвлэлээр шуугьж байна. Энэ талаар сүмогийн хэвлэлийн төлөөлөгч “Яаралтай түргэн тусламжийн системийг хэрхэн сайжруулах талаар бид албан ёсоор шийдвэр гаргана” хэмээн мэдэгджээ.