KOO.MN сайт энэ удаа холимог тулааны Азийн хошой аварга, “Ширэн бээлий” клубын тамирчин Сэр-Одын Билгүүнтэй ярилцлаа.
– Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?
– Намайг Cэр-Одын Билгүүн гэдэг. Холимог тулааны тамирчин. Өвөө аавтайгаа ам бүл гурвуулаа амьдардаг. Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрж өссөн.
– За ярилцлагын эхэнд бага нас хаана өнгөрсөн бэ?
– Багадаа Хөвсгөлийн Эрдэнэд өссөн. Арван жилдээ Улаанбаатарт ирж 97-р сургуулийг төгссөн.
– Хэзэээнээс спортоор хичээллэх болсон бэ?
– Сайн хэлж мэдэхгүй юм. Шууд спортоор хичээллэх сонирхол төрүүлсэн гэхээс илүүтэйгээр багадаа АСА аваргын барилдааныг үзэх дуртай байсан тэр надад нөлөөлсөн.
– Өмнө нь ямар спортын төрлөөр хичээллэж байгаад холимог тулаан руу оров?
– Чөлөөт бөхөөр хичээллэж яваад холимог тулаан руу “урвасан”. Ерөнхийдөө чөлөөт бөхийн суурьтай гэж хэлж болно. Ойбаяр гэж ах намайг анх “Ширэн бээлий” клубт оруулж байсан. Бас Хөвсгөлд Батбаяр багш дээр “Ихэр бээлий” бэлтгэл хийдэг байсан.
Би Шинээ/Шинэчагтага/, Ангууч /Баттөр/ хоёртой хамт нэг клубт бэлтгэл хийж таараад тэр хоёр надад Дарханд болох Муай Тай УАШТ-д оролцохыг санал болгосон юм. Тэгээд эхнийхээ тэмцээнд 62 кг жинд оролцож алтан медаль авч байсан.
– Нэмэлт тэжээл хүнс болон спортын хоол хүнсний талаар ярьж өгөөч мөн өөрөө дэглэмээ хэр барьдаг вэ?
– Хоолны тал дээр дэглэм барьдаггүй, хамаагүй хооллочихдог /инээв/. Мэдээж тэмцээн дөхөөд ирэхээр нэг сарын өмнөөс жиндээ мөн хооллолтондоо анхаарал хандуулдаг.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Аялах дуртай. Очиж байсан хамгийн гоё газар гэвэл Бөөстийн рашаан.
– Аялж байх хугацаандаа бэлтгэлээ алгасахгүй хийдэг үү?
-Аялах чинь бэлтгэл болдог. Гадаа агаарт бэлтгэл хийх нь илүү давамгай хүч тэнхээ оруулдаг. Зааланд болохоор ерөнхий техник талаасаа бэлтгэл хийнэ. Харин агаар салхинд бэлтгэл хийхэд хүчилтөрөгч сайтай болохоор сэргэлт сайн өгдөг мөн хүч сайн нэмэгддэг давуу талтай.
– Хоёр талаас бөхийн удамтай гэсэн зундаа ногоон дэвжээнд зодоглодог уу?
– Манай гэрийнхэн бөхийн удамтай гэж хэлж болно. Би ч мөн адил бөхөд их дуртай. Хөвсгөлийн Эрдэнэбулганд түрүүлж байлаа. Охин дүү маань жүдогийн өсвөрийн шигшээ багийн тамирчин. Дэлхийд хоёр, Азид тав түрүүлсэн тамирчин бий.
– Бэлтгэлийн үед болж байсан сонирхолтой үйл явдлаасаа бидэнтэй хуваалцана уу?
-Олон улсын тэмцээн уралдаанд зардлаа өөрсдөө дааж явдаг болохоор ганцаараа улсаа төлөөлж явдаг. Казахстанд болсон холимог тулааны Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байтал яг тулааны өмнө тамирчныг дэвжээ рүү нь дасгалжуулагч нь авч гардаг дүрэмтэй юм байналээ. Би ганцаараа тул хэл нэвтрэлцэхгүй зогсож байтал өрсөлдөгч киргизийн дасгалжуулагч нь дэвжээнд авч гарсан. Ёстой сонин юм байна лээ. Өрсөлдөгчөө хожчихдог дасгалжуулагч нь намайг дэвжээ рүү хөтлөж гарсан байдаг. /инээв/
– Ойрын төлөвлөгөө тань юу вэ?
-Цар тахал гайгүй болвол самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сард Узбекистанд болно. Бас хил нээгдвэл Хятадад “China TOPTEN” мэргэжлийн тулаанчдын клубт очиж бэлтгэлээ сайжруулах төлөвлөгөөтэй байна. Тэр зааланд өвөрмонгол залуучууд их байдаг болохоор бидэнд их сайн ханддаг.
– Ярилцлагын төгсгөлд Марсель Прустийн асуулгыг таниас асууя.
- Та ямар зан чанарыг хамгийн их үнэлдэг вэ?
Шударга
- Эр хүнд байдаг их үнэлдэг чанарууд?
Үнэнч, өрөвч, нинжин сэтгэл
- Эмэгтэй хүний хамгийн их үнэлдэг чанарууд?
Халамжтай байх
- Таны хобби юу вэ?
Бясалгал хийх, аялах хэсэх
- Дуртай өнгө
Хар
- Үзэх дуртай тамирчин
Хенри Кежудо
- Таны бусдаас онцгой болгодог зүйл юу вэ?
Өргөн утгаараа хүчтэй, сэтгэлийн хаттай
- Хэрэв та өөрөө биш, хэн нэгэн өөр хүн болох боломжтой гэвэл хэн болж үзэх байсан бэ?
Аав шигээ байж үзмээр байна
- Та хаана амьдрахыг хүсч байна вэ?
Хөвсгөл далайн эрэг дээр амьдармаар байна
– Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Цаашдын спортын замналд нь амжилт хүсье!
– Ярилцлага авсанд баярлалаа.