Холимог тулааны бүх цаг үеийн хамгийн шилдэг тулаанч, ирээдүйн алдрын танхимын гишүүн Андерсон “Аалз” Силва өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Уриа Холлд ялагдаж, их спортоо орхисон билээ
Эдүгээ 46 настай Андерсон Силва холимог тулаанаас зодог тайлсан боловч өөр тулааны урлагаар хичээллэж амжилт гаргах бодолтой байгаа талаараа ESPN-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Холимог тулаанаар тулалдах тухай санал Японоос ирсэн боловч тэрбээр татгалзсан юм. Харин долдугаар сарын 19 ний өдөр боксын ертөнцийн бас нэгэн домог болох Хулио Цесар Чавес Жиниортой тулалдахаар дэвжээнд гарахыг нь тулааны спорт сонирхогчид харах боломжтой гэнэ.
Холимог тулаанаар хичээллэж олон жил тогтвортой амжилт гаргах маш хэцүү. Учир нь бэлтгэл дээр эсвэл тулааны үед олон хүнд бэртэл авах үе тохиолддог. Бэртлээ эдгээгээд эргэн ирэх гэж эрчимтэй бэлтгэл базаана гээд энэ бүхэн яг зогсолтгүй эргэх хүрд шиг үргэлжилдэг байлаа. Харин өнгөрсөн бүх замналаа би эргэн дурсаад “Чи хэнд ч өөрийгөө батлан харуулах шаардлага алга, харин өөр спортоор хичээллэж шинэ хуудас нээх хэрэгтэй” гэж өөртөө хэлсэн. Магадгүй би өөрийгөө жью жицүгээр сорьж болох юм гэж тэрбээр ярьжээ.
Андерсон Силва 46 удаа мэргэжлийн тулаан хийснээс 21-ийг нь UFC-д хийсэн. Түүний өөрийн гэсэн тулааны хэв маяг, техник, хэвтээ барилдааны ур чадвар нь олон тулаанчдын түүчээлэгч болж байв. Домогт тулаанч эр UFC-д олон дээд амжилт эзэмшдэг бөгөөд түүнээс 16 дараалсан ялалт, 2457 өдөр дунд жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан гээд сүрдэм амжилтыг нь тулаан сонирхогчид мэдэх биз ээ.