Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг нэмнэ

1982

Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, Олимп, Паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний хорооны гишүүн Засгийн газрын гишүүд, агентлагын дарга, Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд болон Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн гишүүд зэрэг албаны бусад хүмүүс оролцлоо.

Хуралдаанаар Биеийн тамир, спортын салбарт хэрэгжиж байгаа үйл ажиллагаа, “Токио-2020” Олимп, Паралимпын наадамд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажил, “Токио Олимп сан”-гаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээллийг сонсож, хэлэлцсэн асуудлуудтай холбоотой тогтоолын төслийг баталлаа.

Нэмэлт мэдээлэл: “Токио-2020” олимпын эрх авсан монголын багийн тамирчид

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдаа бүх боломжоороо дэмжихээ илэрхийлээд тамирчдын амжилтад цалин урамшуулал чухал ач холбогдолтой. Тиймээс үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг олимп хүртэл 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж, Олимп, Паралимпын эрх авсан тамирчдад нэг удаа 10 сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэхээр болсноо мэдэгдлээ. Мөн хуралдаанаар Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын нөхцөл байдлын үед:

  • бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаа Үндэсний шигшээ багийн болон Монгол Улсыг Олимп, Паралимпын наадамд төлөөлөн оролцох багийн нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, вакцинжуулалтад хамруулан паспортжуулах, эрхийн оноо цуглуулах;
  • эрх олгох олон улсын тэмцээн, Монгол Улсыг Олимп, Паралимпын наадамд төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн болон олон улсын нислэгийн хуваарьт оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэх;
  • “Токио-2020” олимп, паралимпын наадамд бэлтгэж байгаа Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлт, халдвар, хамгааллын горим, дэглэмийг чанд баримтлан тусгаарлах бүс тогтоон байрлуулан, бэлтгэл сургуулилт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллах болон бусад асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг үндэсний хорооны нийт гишүүдийн 100% саналаар дэмжин баталлаа.

Эх сурвалж: БТСУХ