Одоогоос 11 жилийн өмнө Бразилийн Фавесээс ирсэн хүү UFC-д анхны тулаанаа хийж байжээ. Чарлес Оливейра ялалт, ялагдал,бэртэл гэмтэл гээд олон саад бэрхшээл,баяр гуниг ээлжилсэн 28 тулаан хийсний эцэст UFC хөнгөн жингийн ноён оргилд хүрч аварга болов.
Хөнгөн жинд ялагдашгүй Хабиб Нурмагомедовын үлдээсэн орыг залгахаар Майкл Чандлер,Чарлес Оливейра нар ширүүн тулаан өрнүүлж эцэстээ Ч.Оливейрагийн ялалтаар өндөрлөсөн.
Тэртээх 11 жилийн өмнө холимог тулааны аваргуудын лиг гэгдэх UFC-д намайг хөл тавихад олон хүн миний талаар солиотой амьтан гэцгээж байлаа. Яагаад гэвэл жиндээ хамгийн шилдэг нь болно. Хэзээ нэгэн цагт аваргын бүсийг бариад инээмсэглэн зогсох болно гэж хэлсэн учраас тэр. Надаас өмнө хөнгөн жинд бразил тулаанчдаас Рафаэл Дос Анжос аварга болж байлаа. Тулааны өмнө охин маань намайг заавал бүстэй ирээрэй гэж захисан. Олон ч хүнд би аваргын бүсийг авах болно гэж амалсан. Түүндээ хүрсэндээ сэтгэл хангалуун байна. Тулааны эхний үе амаргүй байлаа. Өрсөлдөгч маань маш өндөр хэмнэлтэй довтолгоо хийж, бүр жильотен боолт хийж амжсан. Гэвч би бууж өгөөгүй, тэмцсээр хүнд байдлаас гарсан. Чандлер ч зай өгөлгүй довтолж ээлж дараалсан цохилтууд хийж байв. Завсарлагааны үеэр дасгалжуулагч намайг тайвшруулж, санаачлагыг хэрхэн гартаа авахыг зөвлөсөн. Тэгээд дараа юу болсныг бүгд харсан болов уу. Надад итгэж, үргэлж дэмжиж ирсэн багш дасгалжуулагч болон бусад хүмүүст талархал илэрхийлье. Тэдний дэмжлэггүйгээр би энд аварга болохгүй байлаа гэж хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
Бразил эр замналдаа нийт 28 тулаан хийж аваргын бүсийг хүртсэнээр UFC-д бүх цагийн үеийн дээд амжилтыг эвдэв. Тэрбээр замналдаа 40 тулаан хийж 31 ялснаас есөн удаа өрсөлдөгчөө дутуу гаргаж, өчилт боолтоор 19 ялж, шүүгчдийн саналаар гурав хожиж байв.
Түүний өмнө UFC-д нийт 26 удаа тулалдаж алдрын оргилд хүрсэн Их Британийн зодоонч Майкл Биспинг дээд амжилт эзэмшиж байв. Ч.Оливейра ч урт зам туулсан талаараа гомдлоогүй. Харин энэ нь түүнд том сорилт, тасралтгүй сайжрах үйл явцад нь тус болсон талаар дурдаад амжсан юм.