Танилц: Орос – 2018 хөлбөмбөгийн ДАШТ-ий цэнгэлдэхүүд

1463

Спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг хөлбөмбөгийн ДАШТ нээлтээ хийхэд 2 хоног үлдлээ. Манай сайт уншигчдад зориулж, тус тэмцээний 12 цэнгэлдэхийг танилцуулж байна.

Сонирхуулахад, ОХУ-ын лигийн томоохон багууд болох “ЦСКА Москва” багийн ВЕБ цэнгэлдэх хүрээлэн (2016 онд нээлтээ хийсэн), “Динамо Москва”-гийн энэ жил нээлтээ хийсэн ВТБ цэнгэлдэх анх мөрийн хөтөлбөрт багтаагүй тул ДАШТ-ийг зохион байгуулах цэнгэлдэхийн тоонд ороогүй аж. Бүх цэнгэлдэхүүд багадаа хэсгийн шатны 4 тоглолт зохион байгуулах журамтай.


Лужники цэнгэлдэх хүрээлэн


Хот: Москва

Багтаамж: 81 мянган үзэгч

Нээлтээ хийсэн огноо: 1956

Хэсгийн тоглолтууд: ОХУ – Саудын Араб, Герман – Мексик, Португал – Марокко, Дани – Франц

Хасагдах шат: Шөвгийн 16, хагас шигшээ, шигшээ

“Лужники” цэнгэлдэх хүрээлэн энэ ДАШТ-ий гол чимэг болох юм. 1956 онд анх Төв Лениний цэнгэлдэх хүрээлэн нэрээр баригдсан энэ байгууламжинд олон түүхэн үйл явдал болж байлаа. Тодруулбал, 1980 оны Москвагийн зуны олимп нээлтээ хийж байсан бол 2008 онд Аваргуудын лигийн шигшээ тулааныг зохион байгуулсан билээ. Уг цэнгэлдэхийг ДАШТ-д зориулж, сэргээн засварлахаар шийдсэн бөгөөд 2013 онд хааж, өнгөрсөн арваннэгдүгээр сард дахин нээжээ.

Хуучин цэнгэлдэх 78 мянган үзэгчийн багтаамжтай байсан бол шинэ нь 81 мянгад хүрсэн. Үүний тулд гүйлтийн замыг хасч, үзэгчдийн суудлын тоог нэмсэн гэнэ. Дээвэрт нь оройн цагаар гэрэлтэх гэрэлтүүлэг нэмж суулгасан бөгөөд жуулчдыг татдаг их удирдагч Лениний хөшөөг хэвээр нь үлдээжээ.

“Лужники”-д ДАШТ-ий 7 тоглолт болно. Үүнд нээлтийн болон ДАШТ-ий цомыг өргөх, шигшээ тоглолт хамаарч буй.


Спартак цэнгэлдэх хүрээлэн


Хот: Москва

Багтаамж: 45,360 үзэгч

Нээлтээ хийсэн огноо: 2014

Хэсгийн шат: Аргентин – Исланд, Польш, Сенегал, Бельги-Тунис, Серб-Бразил

Хасагдах шат: Шөвгийн 16

Москвагийн Тушиногийн гудамжинд байрлах “Спартак” цэнгэлдэх бол Оросын хамгийн өндөр амжилттай хөлбөмбөгийн клуб болох “Спартак Москва”-гийн гэр юм. Өнгөрсөн жил ОХУ-д тив хоорондын цомын тэмцээнийг зохион байгуулахад дөрвөн цэнгэлдэх ашигласны нэг.

Оросын хөлбөмбөгийн хамгийн агуу түүхтэй баг болох “Спартак” хэзээ ч өөрсдийн цэнгэлдэхтэй байгаагүй. Тэд 1992-2001 оны хооронд лигтээ 9 удаа түрүүлэхдээ ч цэнгэлдэх түрээсэлдэг байлаа. Харин сүүлийн 15 жилд анх удаа лигийн цом авахдаа буюу 2016-17 оны улиралд түрүүлж, шинэ цэнгэлдэхээ мялаасан юм.

Уг цэнгэлдэхийн үүдэнд алдарт Старостины ах дүүсийн хөшөө бий. Николай, Александр, Андрей, Пётр Старостин нарын ах дүү дөрвөл 1930-аад оны үед “Спартак Москва” багийн нүүр царай болсон шилдэг хөлбөмбөгчид байлаа.


Казан цэнгэлдэх хүрээлэн


Хот:  Казан

Багтаамж: 45,379

Нээлтээ хийсэн огноо: 2013

Хэсгийн шат: Франц – Австрали, Иран – Испани, Польш – Колумб, БНСУ – Герман

Хасагдах шат: Шөвгийн 16, шөвгийн 8

ОХУ-ын “Рубин Казан” багийн цэнгэлдэх хүрээлэн. Гадна талдаа хөгшин тивд буй цэнгэлдэхүүдээс хамгийн том дэлгэцтэй нь гэдгээрээ ялгардаг. Тив хоорондын цомын хагас шигшээ тоглолтыг өнгөрсөн жил зохион байгуулсан.


Самара цэнгэлдэх хүрээлэн


Хот: Самара

Багтаамж: 45,568

Нээлтээ хийсэн огноо: 2018

Хэсгийн тоглолт: Коста Рика – Серб, Дани – Австрали, Уругвай – ОХУ, Сенегал – Колумб

Хасагдах шат: Шөвгийн 16, шөвгийн 8

Саяхан нээлтээ хийсэн шинэ цэнгэлдэхийг зөвхөн ДАШТ-ий үеэр л Самара цэнгэлдэх хүрээлэн хэмээн нэрлэх аж. Харин тэмцээн дууссаны дараагаар Самара хотын “Крылья Советов” багийн эзэмшилд очиж, “Космос” цэнгэлдэх хүрээлэн хэмээн нэрлэнэ.

Самара хот бол Зөвлөлт холбоот улсын үед сансарын төсөл хэрэгжүүлдэг гол байгууламж байрладаг байсан бөгөөд одоо ч сансар судлалын төв нь байдаг билээ. Тиймээс уг цэнгэлдэхийн загварыг ийм утга санаа агуулж барьсан юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард уг цэнгэлдэхийг барих явцад гал гарч, тодорхойгүй хугацаагаар ажил хойшлогдсон ч зохион байгуулагчид хугацаандаа барьж чадсан юм.


Мордовиа цэнгэлдэх хүрээлэн


Хот: Саранск

Багтаамж: 44,442

Нээлтээ хийсэн огноо: 2018

Хэсгийн тоглолтууд: Перу – Дани, Колумб – Япон, Иран – Португал, Панам – Тунис

Хасагдах шатны тоглолт: Байхгүй

Москвагаас 500 км зайд орших Мордовын бүгд найрамдах улс бол ердөө 800 мянган оршин суугчтай Ижил мөрний холбооны тойрогт хамаарах бүгд найрамдах улс. ДАШТ-ий дараа “Мордов Саранск” багийн цэнгэлдэх болно.

Дэлхийн аваргын үеэр 44 мянган хүн багтаах их суудалтай байх боловч тус тэмцээий дараа 28 мянган хүний суудалтай болох аж. Учир нь Оросын гуравдугаар дивизионд хүч сорьдог “Мордов Саранск” баг дангаараа энэ цэнгэлдэхийг ашиглаж чадахгүй тул өөр бусад спорт, тэмцээн урлаг соёлын үйл ажиллагаа болно.


Ростов цэнгэлдэх хүрээлэн


Хот: Ростов

Багтаамж: 45 мянга

Нээлтээ хийсэн огноо: 2018

Хэсгийн шат: Бразил – Швейцарь, Уругвай – Саудын Араб, БНСУ – Мексик, Исланд – Хорват

Хасагдах шат: Шөвгийн 16

“ФС Ростов” клубийн шинэ цэнгэлдэх хүрээлэн. Тус клуб лигтээ түрүүлж үзээгүй бөгөөд 2015-16 оны улиралд “ЦСКА Москва” багийн ард ердөө хоёрхон онооны зөрүүтэй бичигдсэн нь оргил амжилт нь юм.

Хөлбөмбөгийн том цэнгэлдэхээс гадна үүнийг тойроод 7 км газарт дугуйн зам, явган болон гүйлтийн зам, ногоон байгууламж барьж өгчээ.


Фишт цэнгэлдэх хүрээлэн


Хот: Сочи

Багтаамж: 47,659

Нээлтээ хийсэн огноо: 2013

Хэсгийн шат: Португал – Испани, Бельги – Панам, Герман – Швед, Австрали – Перу

Хасагдах шат: Шөвгийн 16, шөвгийн 8

Сочигийн өвлийн олимпод зориулж уг “Фишт” цэнгэлдэх хүрээлэнг барьсан юм. ОХУ-ын Засгийн газрын мэдэлд байдаг бөгөөд ямар нэг клубт харьялагддаггүй гэдгээрээ онцгойрдог.


Екатеринбург цэнгэлдэх хүрээлэн


Хот: Екатеринбург

Багтаамж: 35,696

Нээлтээ хийсэн огноо: 1957

Хэсгийн шат: Египет – Уругвай, Франц – Перу, Япон – Сенегал, Мексик – Швед

Хасагдах шат: Байхгүй

Оросуудын ДАШТ-д ашиглах хамгийн муухай цэнгэлдэхээр нэрлэгдсэн. Анхны загвараас сэргээн засварлаж, 35 мянган үзэгчийн суудалтай болгосон ч “ФС Урал Екатеринбург” багийн тоглолтын үеэр эргээд 23 мянган хүний суудалтай цэнгэлдэх болох юм.


Волгоград цэнгэлдэх хүрээлэн


Хот: Волгоград

Багтаамж: 45,568

Нээлтээ хийсэн огноо: 2018

Хэсгийн шат: Тунис – Англи, Нигерь – Исланд, Саудын Араб – Египет, Япон – Польш

Хасагдах шат: Байхгүй

ДАШТ-д зориулж шинээр барьсан цэнгэлдэхийн нэг. Түүнчлэн “ФС Ротор Волвоград” багийн гэр болох аж. Тус цэнгэлдэхийг 2014 онд нураасан Роторын төв цэнгэлдэх хүрээлэнгийн суурин дээр барьсан. Хэдийгээр их хөрөнгө зарж, гоёсмог загвартай баригдсан ч хасагдах шатны тоглолт болохгүй. Энэ нь тус цэнгэлдэхийн байршилтай холбоотой бөгөөд Москвагаас 1000 км хол оршдог.


Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэн


Хот: Нижний Новгород

Багтаамж: 44,899

Нээлтээ хийсэн огноо: 2018

Хэсгийн шат: Швед – БНСУ, Аргентин – Хорват, Англи – Панам, Швейцарь – Коста Рика

Хасагдах шат: Шөвгийн 16, шөвгийн 8

Волга болон Ока голын эрэг дагуу орших цэнгэлдэх. ДАШТ-ий дараа “Олимпиец” клубийн эзэмшилд очих юм. Энэхүү баг нь хоёрдугаар дивизионы баг тул “ФС Волга Нижний Новгород” баг ч бас гэртээ хийх тоглолтоо хийнэ. Шотланд – ОХУ-ын багийн нөхөрсөг тоглолтыг зохион байгуулсан. ДАШТ-ий дараагаар хотын хүүхдийн баг болон бусад шигшээ нь бэлтгэлээ хийдэг болох аж.


Калининград цэнгэлдэх хүрээлэн


Хот: Калининград

Багтаамж: 35,212

Нээлтээ хийсэн огноо: 2018

Хэсгийн шат: Хорват – Нигерь, Серб – Швейцарь, Испани – Марокко, Англи – Бельги

Хасагдах шат: Байхгүй

Одоогоор 35 мянган хүний суудалтай ч ДАШТ-ий дараагаар хоёрдугаар дивизионд бүртгэлтэй “ФС Балтика Калининград” багийн эзэмшилд очих тул 25 мянган хүний багтаамжтай болох аж. Уг цэнгэлдэх өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор нээлтээ хийж, “Балтика” болон Германы “Шальке 04” клуб нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөсөн ч цаг агаарын улмаас цуцлагдсан билээ.


Сант Петерсбург цэнгэлдэх хүрээлэн


Хот: Сант Петерсбург

Багтаамж: 68,134

Нээлтээ хийсэн огноо: 2017

Хэсгийн шат: Марокко – Иран, ОХУ – Египет, Бразил – Коста Рика, Нигерь – Аргентин

Хасагдах шат: Шөвгийн 16, хагас шигшээ, хүрэл медалийн тоглолт

ОХУ-ын “Зенит” клуб шинэ цэнгэлдэхтэй болох гэж бүтэн 10 жил хүлээсэн юм. 2007 онд баригдаж эхэлсэн уг байгууламж 2017 онд дууссан. Уг нь бол 2011 онд баригдаж дуусах байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдож, тив хоорондын цомоор л нээлтээ хийж амжсан түүхтэй. Бүтэн 10 жил зарцуулахдаа нийт 1.1 тэрбум ам.доллар зарцуулсан гэнэ. ДАШТ-ий дараа 56 мянган үзэгчийн суудалтай болно.