АЗИЙН НААДАМД ажилласан СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙГ алдаршууллаа

509

Азийн Спортын сэтгүүлчдийн холбооноос 5-аас дээш удаа Азийн спортын наадамд ажилласан спортын сэтгүүлч, гишүүддээ хүндэтгэл үзүүлж, СЕРТИФИКАТ олголоо.

Энэ удаагийн Азийн наадмын үеэр энэхүү чухал хүндэтгэлийг Монгол Улсыг төлөөлж, дараах эрхмүүд хүртлээ.

-МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч Ж.Отгонцагаан (9 наадам)

-Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч асан Ч.Отгонбаатар ( 7 наадам)

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч, Монголын Триатлоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар ( 5 наадам)

Ханжоу хотын Азийн наадмын хэвлэлийн төвд зохион байгуулсан ёслолын үеэр Азийн спортын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Амжад Азиз Маликтай уулзаж, ярилцлаа.

-Юуны өмнө ийм сайхан арга хэмжээг Спортын сэтгүүлчдэдээ зориулан зохион байгуулсанд баярлалаа. Та манай уншигчдад хандан энэ үйл явдал яагаад чухал вэ гэдэг дээр өөрийн саналаа хуваалцахгүй юу?

-Катарын сэтгүүлч найз нар маань Азийн наадмыг 5 болон түүнээс олон удаа газар дээр нь сурвалжлан ажилласан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх саналыг анх гаргасан. Үнэхээр сайхан санаачилга байсан. Азийн спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн, БНСУ-ын иргэн Хи Дон Жун ч энэ саналыг дэмжиж, энэ ёслолоо бид Ханжоуд болж буй Азийн наадмын үеэр хийх нь зөв гэдэг дээр санал нэгдсэн. Гишүүн холбоодод маань 5 болон түүнээс олон удаа Азийн наадамд ажилласан 90 гаруй хүн байна. Тэднээс өнөөдөр зарим нь энэхүү батламжаа гардан авлаа. Энэ ёслолыг спортын сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүлж, тэдэндээ үргэлж санаа тавьж байгаа гэдгээ илэрхийлж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. Цаашид олон Азийн наадамд үргэлжлэн зохион байгуулах энэхүү хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Ханжоу хотноо албан ёсоор эхэлж байна.

-Танд баярлалаа. Ханжоуд цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Спортын сэтгүүлчдийн энэхүү ёслолд ширээний теннисний 2004 оны Олимпийн аварга, БНСУ-ын алдарт тамирчин Рю Сёнмин хүрэлцэн ирж, батламжийн эздэд хүндэтгэл үзүүллээ. Рю Сёнмин Афины олимпод Хятадын алдарт теннисчин Ван Хаог 6 сетийн өрсөлдөөнд буулган авч, шуугиан тарьж байсан билээ. Тэрээр 2016 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр ажиллаж байгаа. Түүний гараас батламжаа гардан авсан спортын хүрээлэлд Сато нэрээр танигдсан Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар багтсан юм. Батламж гардсан манай бусад хоёр гишүүдийн хувьд ойрын өдрүүдэд Ханжоу хотыг зорин ирнэ.