Монгол эмэгтэйчүүд түрүүгээ алдсангүй

1097

Олон улсын шатрын холбооноос (FIDE) жил бүр шоронд ял эдэлж буй хоригдлуудын дунд цахим шатрын тэмцээн зохион байгуулаад гурван жил болж байгаа билээ.

Жил бүрийн өдийд Олон улсын шатрын холбооноос (FIDE) онлайнаар зохион байгуулдаг хоригдлуудын дунд болдог Олон Улсын шатрын тэмцээн гурван ангиллаар болдог юм.

Энэ жилийн хувьд FIDE холбоо АНУ-ын Чикаго хотын Күүк Коунтри шерифийн албатай хамтран зохион байгуулжээ.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд монгол бүсгүйчүүд гурван жил дараалан түрүүлж байна. Монголчууд хэсэгтээ 12 оноо авснаар тэргүүлж, нөгөө хэсгийг манлайлсан англи эмэгтэйчүүдтэй аваргын төлөө тунаж үлдсэн юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд Филиппин болон Эл Салвадор улсын шатарчид өрсөлдөх болсон ч техникийн саатлын улмаас тоглолт болоогүй. Тиймээс зохион байгуулагчид хүрэл медалийг дээрх хоёр улсад хуваахаар болжээ.

Харин залуучуудын ангилалд өнгөрсөн жилийн аварга Серб, Энэтхэгтэй финалдсан. Энэтхэг залуус эцсийн дүнд Сербийг буулгаж авснаар анх удаа түрүүлжээ. Энэ ангилалд Эквадорын баг хүрэл медаль хүртсэн юм.

Олон Улсын Шатрын холбооноос “Chess for Freedom” тусгай хөтөлбөр явуулж эхэлсэн. Энэ хүрээнд Олон улсын анхны тэмцээнийг 2019 онд явуулж байв. Харин 2021 оноос тогтмол зохион байгуулах өнөөгийн системд оруулжээ. Хамгийн эхний жил 30 гаруй улсын баг өрсөлдөж байсан бол энэ жил 50 улсын 118 баг өрсөлдлөө.

Манай эмэгтэйчүүд 2021 оноос хойш гурван жил дараалан түрүүллээ. Харин эрчүүд энэ жил анх удаа финалдсан юм. Финалын тэмцээн өнөөдөр болно.

Манай улс 1956 оноос хойш ял эдэлж буй хоригдлуудын дунд шатар зааж, шорон хоорондын дунд тэмцээн явуулж байв.