Монголын сагсан бөмбөгийн 30 дахь удаагийн “Дээд лиг”-ийн тэмцээний аваргыг тодруулах шигшээ цуврал ийнхүү эхэллээ. “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Металл” багууд энэ шатанд хоёр дахь жилээ дараалан өрсөлдөж байна. Өнгөрсөн жилийн хувьд шигшээ цувралд “Хүлэгүүд” цуврал 5 тоглолтод хожиж, 8 дахь удаагаа лигийн аваргын цомыг хүртэж байсан билээ. Багууд хагас шигшээ цувралд хоёр талд тус бүр долоон тоглолт хийж гарч ирсэн юм.
Аваргын төлөөх цувралын эхний тоглолт дөрвөн үеийн турш маш өгөө аваатай үргэлжиллээ. Эхний үед “Металл” тэргүүлсэн ч 2-р үед “Хүлэгүүд” +14 онооны зөрүү гаргаж, улмаар эхний хагаст 34:30 харьцаатай хошуучиллаа. Багуудын хувьд хамгаалалтдаа түлхүү анхаарсан нягт тоглолтыг үзүүлж байсан учраас 1-р хагаст тун цөөн оноо авлаа. “Хүлэгүүд” эсрэг багийнхаа гол тоглогч Уэслиг сайн хамгаалж байсан нь өрсөлдөгч багтаа ердөө 30 оноо алдсан гол шалтгаан болсон юм. Мөн эхний хагасын онцлох үйл явдал Девон Скотт эхний үеийн цаг дууссаны дараа А.Азбаяр дээр маш бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл гаргаж тоглолтоос хөөгдөв.


Статистикийн хувьд “Хүлэгүүд” эхний хагаст гурван онооны шугамны араас 3/18 оновчтой шидсэн нь хангалтгүй байлаа. Гэхдээ тэд багаараа 10 ашигтай дамжуулалт өгсөн нь өрсөлдөгчөөсөө хоёр дахин их үзүүлэлт байсан юм. Улмаар 2-р хагаст багууд мөн л хол онооны зөрүү үүсгэж чадахгүй байсан ч “Хүлэгүүд” цөөн оноогоор илүү явсаар 4-р үеийн сүүл хүрсэн. “Металл” сайн хамгаалалтуудынхаа нөлөөгөөр буцаад сөрөг довтолгоогоор оноо тэнүүлэх боломжууд гаргаж байсан ч ашиглаж чадахгүй байлаа. Жишээ нь Б.Сүхбат 4-р үед баг нь гурван оноогоор хожигдож байх үед ч сул гарсан холын шидэлтүүдээ гурван дараалан алдлаа.
УЭСЛИ, УЭСЛИ, УЭСЛИ…
Энэ зөрүү явсаар байсан ч эцэст нь Байрон Уэсли дараалсан хоёр довтолгоогоор 4 оноо авч 70:70 болгон тэнцүүлсэн юм. Чухал үед баг нь оноо дутуу байх үед заавал гурван онооны шидэлтээр хөөлгүйгээр илүү найдвартай байдлаар 2 оноогоор тоглосон нь Уэслигийн хувьд тун зөв шийдвэр болсон юм. Нөгөө талд “Хүлэгүүд”-ээс Миллер холын шидэлтээр хариуг нь барьж, гурван оноогоор хожиж явсан ч буцаад өөрсдөө А.Энхбаясгалан дээр алдаа хийж, нэмээд техникийн алдаа авсан юм. Энэ гурван шидэлтийг А.Энхбаясгалан амжилттай гүйцэтгэж тэнцүүлсний дараа багууд сүүлийн 100 секундэд аль аль оноо авалгүй үндсэн цагт 73:73 харьцаатай тэнцсэн юм.


Тоглолтын шилдэг Уэсли 4-р үед нийт 8 оноо авсан бөгөөд бүгд 2 онооны довтолгоонууд байлаа. Улмаар нэмэлт үед ч сайн тоглолтоо үзүүлж, яах аргагүй энэ тоглолтын гол дүр, гол баатар боллоо. Баг нь нэмэлт үед 12 оноо авсны 8-ыг нь Уэсли авсан. Ингэхдээ хоёр удаа холын шидэлт оруулсан бөгөөд нэг нь үеийн эхэнд багаа оноо илүү гаргасан чухал шидэлт байсан бол нөгөө нь хожлын үнэтэй 3 оноо байсан юм. Улмаар “Бишрэлт Металл” нэмэлт цагт 82:85 харьцаатай хожиж, цувралын эхний тоглолтоос маш чухал ялалтыг авч чадлаа.
Уэсли энэ тоглолтод 40 оноо авахдаа 66.7% (14/21)-ийн өндөр оновчтой довтоллоо. Мөн 7 самбар авч, 3 ашигтай дамжуулалт, 3 бөмбөг таслалт бүртгүүлжээ. Уэсли хагас шигшээ цувралын сүүлийн 3 тоглолтод нийт 105 оноо авч, “Эйпс”-ийн эсрэг 26.9 оноо дунджилсан. Энэ тоглогч одоо манай “Дээд лиг”-т бүх цаг үед тоглосон хамгийн шилдэг легионерын тоонд зүй ёсоор орохоор болж байна. Аварга авч чадвал магадгүй номер нэг…
БАГИЙН ТОГЛОЛТ…
Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан нар 10+ оноо авсан бол үлдсэн тоглогчид нь нийлээд 16 оноо авсан байна. Тодруулбал тэднээс нийт 6 тоглогч л оноо авчээ. Үүнээс Скоттын авсан 3 оноог хасвал сүүлийн 3 үе болон нэмэлт цагт үндсэн таван тоглогч нь л “Металл”-ын оноог хөдөлгөжээ. Харин нөгөө талд “Хүлэгүүд”-ээс 12 тоглогч талбайд гарч 10 өөр тоглогч оноо авсан илт ялгаатай үзүүлэлт байлаа. Өнөөдрийн тоглолтод хожигдсон хэдий ч урт цувралд “Хүлэгүүд” багт маш эерэг нөлөө үзүүлэх статистик бол энэ. “Бодонгууд”-тай хийсэн урт цувралд хожсон тэдний гол шалтгаан нь сэлгээний тоглогчдын оролцоо, бүрэлдэхүүний жигд байдал, минутын хуваарилалт байсан юм. Сэлгээний тоглогчдын авсан оноогоор энэ тоглолтод ч 42:11 харьцаатай аваргууд илт илүүрхсэн байлаа.
Гэхдээ “Металл”-аас Н.Мөнхчөдөр гэмтлийн улмаас тоглолтыг өнжсөнөөс гадна Скотт талбайгаас хөөгдөж сүүлийн 3 үе тоглоогүй гээд үндсэн бүрэлдэхүүнийх 2 тоглогч байгаагүй нь нөлөөлсөн нь ойлгомжтой. Тиймдээ ч Уэсли, Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан нар бараг суулгүйгээр тус бүр 40+ минут талбайд тоглосон бол “Хүлэгүүд”-ээс талбайд 40+ минутыг өнгөрүүлсэн тамирчин байсангүй. Тодруулбал хоёр легионер нь л хамгийн урт хугацаанд буюу 30+ минут тоглосон бөгөөд гурван тоглогч 10+, гурван тоглогч 20+ минут тогложээ.

“Хүлэгүүд” багаас Миллер 25, Толберт 20 оноо авсан үзүүлэлтээр багаа тэргүүлсэн боловч тэднээс өөр 10-аас дээш оноо авсан тоглогч байсангүй. Товчхондоо монгол тоглогчдынх нь довтолгооны үзүүлэлт илт дутсан тоглолт боллоо. С.Биндэрьяа, Б.Билгүүн, Б.Барсболд, Ч.Ихбаяр нар тус бүр 6 оноо авсан нь монголчуудаасаа хамгийн өндөр үзүүлэлт байв. Түүнчлэн нэмэлт цагт гэхэд монгол тоглогчид нь нээлттэй тоглолтоос огт оноо аваагүй бөгөөд Б.Барсболд торгуулийн шидэлтээр л 1 оноо авчээ.
Багууд энэ өдөр аль аль нь тун цөөн оноо авсан нь хоёр талын нягт хамгаалалттай холбоотой. Тухайлбал сүүлийн 2 минутад хэн хэн нь нээлттэй тоглолтоос оноо авч чадсангүй. Тийм учраас алдаанууд олон удаа гарч байлаа. Тоглолтын турш “Хүлэгүүд” 26 удаа, “Металл” 20 удаа алдаа гаргасан нь багуудын алдаа үе бүрд дөрвөөс дээш болж байсан гэсэн үг юм. Үүнээс шалтгаалаад “Металл”-ын эсрэг багаасаа давуу гарсан хамгийн гол үзүүлэлт нь торгуулийн шидэлт байлаа. “Металл” чөлөөт шидэлтээр 22 оноо (30 шидэж) авсан бол нөгөө тал 13/20 үзүүлэлттэй буюу -9 онооны зөрүүтэй байсан юм.
“ХҮЛЭГҮҮД”-ИЙН ДАВУУ ТАЛУУД…
“Хүлгүүд” баг 3 онооны шидэлтийн хувьд 11/37 оновчтой шидсэн нь хожигдлынх нь гол шалтгаануудын нэг байлаа. Тэдний холын шидэлтүүд хагас шигшээ шатны тоглолтуудтай нь харьцуулахад үнэхээр сайнгүй байсан. Бусдаар тэд самбараас бөмбөг авсан тоогоор +13 (51:38), довтолгооны самбарт +8 (23:16), оновчтой дамжуулалтаар +10 (21:11) гээд ихэнх багийн үзүүлэлтүүдээр илүү байж чадсан. Нэмээд Толбертын хоёр дахь боломжоор авсан оноонууд болон будагтай талбай дахь давуу байдал, Миллерийн хувийн ур чадвараараа авч буй оноонууд гээд цөөнгүй давуу тал гаргаж байсан.


Аваргуудаас багийн ахлагч Б.Билгүүн цаг дуусахад 7 минут дутуу байхад 5 алдаатай болж талбайг чөлөөлсөн. Энэ нь үндсэн цагийн төгсгөл болон нэмэлт цагт мэдээж “Металл”-д ашигтайгаар туслаа. Б.Билгүүн олон оноо авахгүй байж болох ч шийдвэрлэх мөчид талбайд байсан бол тоглолт хаашаа эргэх байсныг мэдэхгүй. Туршлагатай тоглогч нь талбайд байх үед “Хүлэгүүд”-ийн залуусын тоглолт, гаргаж буй шийдвэрүүд, итгэлтэй зоригтой байдал, сэтгэл зүй шал өөр байдаг. “Хүлэгүүд” тоглолтын нийт цагийн талаас ихэд нь тэргүүлж явсан ч хожиж чадаагүй нь төгсгөл тааруу хийсэнтэй шууд холбоотой.
Металл одоо цувралын дараагийн тоглолтуудын хожил авахад А.Баятхуягийн тоглолт маш хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Хэн хэнийхээ тоглолтыг сайн мэдэх энэ цувралд ийм цөөн хүнээр тоглож буй “Металл” эсрэг багийнхаа төлөвлөснийг эвдэх “нууц хөзөр” болсон тоглогчгүйгээр хожиход хэцүү. Мөн Б.Барсболдын тоглолтыг хязгаарлахын тулд А.Баятхуягийн хамгаалалт хэрэгтэй. Б.Барсболд энэ тоглолтод 6 оновчтой дамжуулалт өгсөн нь бүх тоглогчийг тэргүүлэх үзүүлэлт болсон бөгөөд 3 удаа бөмбөг тасалж, 6 оноо, 5 самбар авчээ.
–
Багууд одоо лхагва, баасан гарагуудад цувралын 2, 3 дахь тоглолтуудыг хийгээд тавдугаар сарын 17 хүртэл хорь орчим өдөр завсарлах юм. Товчхондоо шигшээ цувралын эхний 3 тоглолтод хэдэн хожилтой гарах нь одоохондоо маш чухал байна. Энэ жилийн аваргын төлөөх цувралыг хоёр хуваан төлөвлөгөө гаргаж болохоор болоод буй тус нөхцөл байдал “Металл” эхний 3 тоглолтоо нэмэх үзүүлэлттэй давчихад цувралын дараагийн тоглолт гэхэд баг тамирчид нь хангалттай сэлгэлт авах боломжтой байгаа юм. Тиймээс тэдний хувьд эхний 3 тоглолт маш чухал байна. Эхний тоглолтын энэ хожил тэдний анхны аваргаа авах зорилгод маш хэрэгтэй. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдгийн адил одоо мэдээж тэдэнд давуу тал байгаа. Энэ тоглолтод ч нэгээр илүү буюу Уэслигийн зориг зүрхтэй нэг шидэлтээр л илүүрхэн хожлоо. Гэхдээ цуврал дөнгөж эхэлж байна.
“Хүлэгүүд”-ийн хагас шигшээ цувралын тоглолтууд түрүүлж дууссан тул харьцангуй амралттай орж ирсэн. Мөн өргөн бүрэлдэхүүнээр тоглож, талбай дээр тамирчдаа жигд ашигласан тоглолтуудаараа урт цувралд эрч хүч, сэтгэл зүй гээд бүх талаараа огт сулрахгүйгээр тогтвортой хэмнэлээр өрсөлдөхөөр харагдаж байна. Тэдний залуу бүрэлдэхүүн аваргаа хамгаалах уу, эсвэл “Бишрэлт Металл” лигийн шинэ аварга болох уу гэдэг цуврал цашш үргэлжлэх нь ээ…