“Дээд лиг”-ийн аваргын төлөөх цувралын 3 дахь тоглолтод “Хасын Хүлэгүүд” 84:70 харьцаатай хожсон нь шигшээ цуврал эхэлснээс хойш хамгийн олон онооны зөрүүтэй дууссан тоглолт боллоо. Цувралын эхний 2 тоглолтод хожлын шидэлтээр ялагчид тодроод байсан бол энэ удаад өөр байв. Эхнээсээ оноо тэнцүүхэн явсан энэ тоглолтын 3-р үеийн төгсгөлд “Хүлэгүүд”-ийн туршлагатай тоглогч Д.Мөнхтүвшин дараалан 2 холын шидэлтийг оруулж багийнхаа онооны тэргүүллийг 9 болгон холдуулсан юм. Улмаар аваргууд 4-р үеийн турш хэмнэлээ алдалгүй тоглож, онооны зөрүүгээ хадгалсаар 14 онооны илүүтэй хожлоо. Товчхондоо цуврал эхэлснээс хойших хамгийн эрт шийдэгдсэн, хамгийн сул өрсөлдөөн гарсан 4-р үе байлаа.
ТОММИ БАЙХГҮЙ Ч МУШУ НӨХӨВ
Эхний тоглолтод төдийлөн нөлөө үзүүлж чадаагүй байсан ОУХМ Д.Мөнхтүвшин өмнөх тоглолтод хамгийн өссөн үзүүлэлт гаргасан тоглогч болж байсан бол энэ удаад 17 минутыг талбайд өнгөрүүлсэн нь өмнөх 2 тоглолтын нийт хугацаанаас ч урт байв. Багийн лидер Б.Билгүүн гэмтлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн учраас Д.Мөнхтүвшинд ногдох минут болон үүрэг гээд бүх зүйл нь нэмэгдсэн юм. Тэр ч өөрийнхөө туршлагыг харуулж багийнхаа ноён нуруу болон тоглож чадлаа.


“Хасын Хүлэгүүд” багаас өмнөх тоглолтод огт оноо авч чадаагүй Иан Миллер энэ удаад 27 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 27 оноо авсан үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бөгөөд бүх үзүүлэлтээр +25 статистиктай тогложээ. Тоглолтын эхнээс довтолгоонд сайн байсан Миллер эхний хагаст 13 оноо авсан бөгөөд гурван онооны шугамны араас 5/9 оновчтой шидэж, 15 оноо авчээ. Энэ тоглолтод хамгийн олон холын шидэлт оруулсан тоглогч тэр байлаа. Нөгөө л тоглолт бүрт өөр өөр хүмүүс оноогоор тэргүүлдэг байдал үргэлжилсээр. Нэг талаас харахад тогтворгүй мэт боловч эсрэг багтаа таамаглахад хэцүү, ойлгомжгүй байдлыг үүсгэж буй нь том давуу тал. Бас хэн нэгэн тоглогч нь тоглохгүй эсвэл тоглолт нь болохгүй байлаа гэхэд дараагийн хүмүүс нь бэлэн.
Цувралын 2 дахь тоглолтод 18 оноогоор багаа тэргүүлсэн Ч.Ихбаяр энэ тоглолтод монгол тоглогчдоосоо ганцаараа 10+ оноо бүртгүүлж, 15 оноо авсан байна. Мөн Жордан Толберт довтолгооны самбараас олон удаа бөмбөг авч байсан нь багтаа том давуу тал үүсгэж чадсан. Тэрээр 32 минут талбайд тоглохдоо 10 удаа самбараас бөмбөг (5 довтолгооны самбар) авч, 13 оноо авсан (5/8 довтолж) бөгөөд ихэнх нь өөрийнхөө үүсгэсэн хоёр дахь боломжуудаар авсан оноонууд байв. Ийнхүү “Хүлэгүүд” Б.Билгүүний эзгүй орон зайг багаараа сайн нөхөж тоглосны үндсэн дээр хожиж чадлаа.
ЧӨДӨРӨӨ ИРСЭН Ч БАЯСАА…
Харин “Металл” багаас тоглолтын 4-р үе дөнгөж эхлээд багийн гол тоглогчдын нэг А.Энхбаясгалан шагайгаа гэмтээж талбайг чөлөөлсөн. Улмаар “Металл”-ын тоглолт улам унаж, тоглолтын үлдсэн хугацаанд сэргэж чадалгүй байсаар 4-р үе дууссан юм. А.Энхбаясгалангийн гэмтэл бол багт нь нэг тоглолтын хожигдлоос ч илүү том гарз. Гэхдээ цувралын дараагийн тоглолт болтол зай байгаа учраас түүнийг эргэн талбайд харах найдлага бий. Энэ тоглолтод А.Энхбаясгалан эхний 3 үе бараг л бүтэн тоглож (26:37’), 12 оноо авчээ. Тэрээр шигшээ цувралын эхний 2 тоглолтод 14.5 оноо, хагас шигшээ цувралд 15.8 оноо дунджилж байсан юм.

Шигшээ цувралын эхний 2 тоглолтод бараг л бүтэн тоглосон ялангуяа шийдвэрлэх 4-р үед талбайд байх ёстой чухал тоглогч нь тоглолтыг орхисон нь “Металл”-д яах аргагүй том нөлөө боллоо. Мөн эхний гурван үед түлхүү оролт хийж, будагтай талбай руу тоглож байсан “Металл” 4-р үед тоглолтоо өөрчилж ихэвчлэн холоос шидсэн нь зөв шийдвэр болсонгүй. Тухайлбал эхний хагаст “Металл” 32 довтолсны 9 нь холын шидэлт байсан бол 2-р хагаст 15 удаа холын шидэлт (нийт 7/24) гүйцэтгэжээ. Харин “Хүлэгүүд”-ийн 30 довтолгооны 16 нь холын шидэлт байсан бөгөөд үндсэн цагт 12/34 оновчтой шиджээ.
Багийн ахлагч Т.Ууганбаяр өмнөх тоглолтод трипл дабль хийж, +30 статистик гаргаж байсан бол энэ удаад шигшээ цуврал эхэлснээс хойших хамгийн муу тоглолоо. Тэрээр 34 минут тоглож 3/7 оновчтой довтлон 7 оноо, 4 самбар, 6 ашигтай дамжуулалт бүртгүүлсэн бөгөөд 4 удаа бөмбөг алджээ. Зөвхөн Т.Ууганбаяр гэлтгүй Б.Сүхбат, А.Батхуяг, З.Энхтөр гээд бусад тоглогчид нь ч багаараа тоглолтгүй байсан тул тэдэнд хожих боломж байсангүй. Тэдгээрээс ялангуяа Б.Сүхбат заавал нөлөөгөө үзүүлж байж л баг нь энэ цувралд ялах боломж үүснэ.
Харин хагас шигшээ цувралын 7 дахь тоглолтод гэмтсэн Н.Мөнхчөдөр энэ өдөр эргэн талбайд гарсан нь сайн үйл явдал болсон. Тэрээр 25 минут талбайд тоглосон нь (нийт үзүүлэлт +9) багтаа ихээхэн нэмэртэй байлаа. Түүнчлэн Байрон Уэсли нийт тамирчдаас ганцаараа 40 минут тоглож 31 оноо (12/21), 11 самбар авч, 5 ашигтай дамжуулалт, 2 хаалт хийсэн үзүүлэлттэй тоглолтыг дуусгалаа. Гэхдээ түүний хувьд торгуулийн шугамны араас 10 шидэж 4 оноо авсан нь тааруу үзүүлэлт байлаа.
ХАМГААЛАЛДАГ БАГ ЦОМ АВДАГ
Багийн үзүүлэлтүүдээс онцлох зүйл нь “Хүлэгүүд” 13 удаа бөмбөг тасалж (Металл-4), улмаар хурдан довтолгоогоор 19 оноо (Металл-9) авсан юм. Мөн эсрэг багийн алдсан бөмбөгнөөс авсан оноогоор 25:13 харьцаатай “Хүлэгүүд” илүү байсан бөгөөд тэд энэ тоглолтод хамгийн холдоо 18 онооны тэргүүлэл авч чадсан юм. “Хүлэгүүд” энэ удаад довтолгоо гэхээсээ илүү хамгаалалтаараа хожилд хүрлээ. Нягт хамгаалалт, шаардлагатай бол алдаа. Харин “Металл” тэр алдаануудаас авсан шидэлтүүдээ хангалттай хэмжээнд ашиглаж чадсангүй. Мөн Толбертыг самбартаа олон алдаж байгаа нь мэдээж тэдний самбарын хамгаалалт муу байгаатай холбоотой. Довтолгооны сайн легионер нь байгаа ч эргээд хамгаалалт тэр дундаа будагтай талбайг хамгаалах легионер нь илт дутаж байна.
Мөн “Хүлэгүүд” өмнөх тоглолтын адилаар эсрэг багаасаа илүү өндөр хувийн оновчтой довтоллоо. Багууд энэ тоглолтод адил 28 довтолгоо амжилттай болгосон ч “Хүлэгүүд” 61, Металл 66 довтолгоо гүйцэтгэжээ. Тэгвэл хожил хожигдлыг шийдсэн зүйл торгуулийн шидэлт байлаа. “Металл” багаараа чөлөөт шидэлтийг 7/18 оновчтой гүйцэтгэсэн бол “Хүлэгүүд” ердөө 5 шидэлт (16/21) алджээ. “Металл” тоглолтын эхнээс олон торгууль алдсан бөгөөд үүнийхээ нөлөөгөөр оноо илүү гарч чадахгүй, тоглолтын хэмнэлийг өөрсдийн талд эргүүлж чадахгүй байлаа. Ихэнх чөлөөт шидэлтүүдээ тоглолтын эхний гурван үед гүйцэтгэсэн бөгөөд 4-р үед хоёр удаа л шидэлтийн алдаа авсан. Товчхондоо “Металл” энэ удаад дөрвөн үеийн турш эсрэг багийн хэмнэлээс гарч чадаагүйн дээр чөлөөт шидэлт олон алдсан нь үүнээс гарах боломжийг олгосонгүй.


Түүнчлэн аваргын цомыг хамгаалагчид өөрсдийн үндсэн давуу тал болох жигд бүрэлдэхүүнээ дахин нэг удаа сайн ашиглалаа. Тоглогчдын минутын хуваарилалт тун жигд байж, нийт 8 тоглогч 10+ минут талбайд тоглосон бөгөөд Толберт, Ч.Ихбаяр нар л 30+ минут тогложээ. Гэхдээ энэ нь Б.Билгүүн тоглоогүйтэй холбоотой бөгөөд хэрвээ тэр талбайд гарсан бол 9 тоглогч 10+ минут болж оролцоо улам жигд болохын зэрэгцээ ачаалал ч улам буурах байлаа. Сэлгээний тоглогчдын авсан оноогоор “Хүлэгүүд” дараалан гурав дахь тоглолтдоо илүүрхэж, 23 оноо (39:16) илүү авсан нь хол зөрүү байлаа.
–
Шигшээ цувралд “Хүлэгүүд” ийнхүү дараалан 2 тоглолтод хожиж, 2:1 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Одоо цуврал 5-р сарын 17 хүртэл завсарлах бөгөөд багууд энэ хугацаанд аль аль нь Азийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний тоглолтуудад оролцох юм. Сүүлийн 9 удаагийн “Дээд лиг”-т 8 дахь удаагаа аваргын төлөө өрсөлдөж буй “Хасын Хүлэгүүд” энэ цувралыг хожигдлоор эхлүүлсэн ч ийнхүү өөрсдийн талд давуу байдлыг авч чадлаа.
Нөгөө талд “Металл” тоглогчдын гэмтлээс гадна Девон Скотт энэ цувралд дахин тоглох боломжгүй болсон гээд асуудлууд байгаа ч эхний хоёр тоглолтод идэвх зүтгэл, эрч хүч мөн тоглолтын агуулга гээд олон талаар үнэхээр сайн байсан. Тэдний энэ хүн хүч дутуу байгаа байдлаас болж урт цувралд өрсөлдөгч багт нь давуу байдал үүсэх нь эхнээсээ тодорхой байсан. Өнөөдөр гэнэт гараад ирсэн асуудал биш. Тиймээс үүн дээр бодсон, бэлдсэн зүйлсээ дараагийн тоглолтод л гаргахгүй бол цуврал хэрвээ 3:1 болох юм бол тэдэнд бараг л найдлага байхгүй болно. Өмнөх шатанд нэг байтугай гурван хожигдлын зөрүүнээс эргэн ирж чадсан баг энэ цувралыг тийм ч амархан дуусгах боломж олгохгүй биз.
“Хүлэгүүд”-ээс ч мөн А.Азбаяр 2 тоглолт дараалан оролцоогүй, Б.Билгүүн гэмтсэн гээд бас л асуудлууд байна. Тиймээс багуудын боломж тэнцүүхэн байсан хэвээр. Гэхдээ өмнө нь “Дээд лиг”-ийн түүхэнд гурван жил дараалан жил шигшээ цувралд хожигдож байсан байгаагүй. Харин “Бишрэлт Металл” энэ үзүүлэлтийг хадгалах уу эсвэл анхных нь болох уу..?