Дакар Ралли 2026: Монгол тамирчид марафон гараанд тэсвэр хатуужлаа харуулж байна

16

48 дахь удаагийн Дакар Ралли 2026 амжилттай, ширүүн өрнөж байна. Энэ жилийн ралли эхнээсээ л асар хүнд нөхцөлтэй байгааг харуулж, Монголын тамирчид ур чадвар, тэсвэр тэвчээр, уралдааны тактикаа бүрэн дүүрэн харуулсаар байна.

4-р гараа (Алула – Марафон Бивуак):
4-р гараа нийт 495 км замтай байсан бөгөөд үүнээс 417 км нь уралдааны цаг тооцох тусгай зам байлаа. Марафон гарааны эхний өдөр тул тамирчид хэмнэлээ барьж, эрсдэл багатай уралдах тактик баримталсан юм.
Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд уг гараанд нийт 17-р байр, Rally2 төрөлдөө 7-р байр эзэлж, 5 цаг 2 минут 11 секундийн амжилт үзүүллээ.

Энэхүү гараа Дакар ралли энэ жил ямар хатуу эхэлж байгааг тод харуулсан. Харамсалтай нь BAS World Racing Team-ийн шилдэг тамирчид болох Michael Docherty, Much Doveze, B. Krause нар тэмцээнийг орхиход хүрсэн бөгөөд энэ нь зөвхөн нэг багийн асуудал биш, олон багт тохиолдож буй хүнд нөхцөлийг илтгэж байна.

Мотоциклийн төрөлд 4-р гарааны шилдгүүд:

  1. T. Schareина
  2. R. Brabec
  3. S. Howes

5-р гараа (Марафон – Хайль):
Марафон гарааны үргэлжлэл болсон 5-р гараа нийт 417 км, үүнээс 356 км нь уралдааны цаг тооцох зам байлаа. Өмнөх өдөр хүнд зам туулсан тамирчид хэмнэлээ зөв барьж, марафон гарааг амжилттай өндөрлүүлэв.
Э.Халиунболд энэ өдөр нийт 11-р байр, Rally2 төрөлдөө 5-р байр эзэлж, 4 цаг 23 минут 23 секундийн цаг үзүүллээ.

Мотоциклийн төрөлд 5-р гарааны эхний гурав:

  1. L. Benavides
  2. I. Cornejo
  3. D. Sanders

Цаашдын гараа:
Өнөөдрийн 6-р гараа Хайль хотоос нийслэл Эр-Рияд хотын чиглэлд явагдах бөгөөд нийт 920 км, үүнээс 331 км нь уралдааны тусгай зам байх юм. Маш хүнд, ширүүн гараа хүлээж байгаа ч Монгол тамирчид дэлхийн хамгийн хатуу раллид өөрсдийн ур чадвар, тэсвэр хатуужлыг үргэлжлүүлэн харуулсаар байна.