“UNC Монголын спортын наадам 2026”-ын хүрээнд зохион байгуулагдсан байт харвааны танхимын Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) хоёр дахь өдрөө амжилттай явагдаж, 2026 оны шилдгүүд тодорлоо. Тэмцээнд компаунд болон рекурв төрлөөр улс орны шилдэг харваачид өрсөлдсөн юм.
Компаунд харвааны төрөлд “Зэвт Хасар” клубийн харваач, спортын мастер Б.Батдулам онцгой амжилт үзүүлж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, эмэгтэй баг, холимог багийн төрлүүдэд гурван алтан медаль хүртэн тэмцээний хамгийн шилдэг тамирчнаар нэрлэгдлээ. Тэрээр холимог багийн төрөлд багш П.Жамъянгомбын хамтаар хагас шигшээ шатанд 160 онооноос 154 оноо авч, улсын шинэ дээд амжилт тогтоосон байна.






Эрэгтэй компаунд харваанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны харваачид давамгайлж, Т.Бат шигшээ харваанд Б.Баярсайханыг 138:135 харьцаатай хожин улсын аварга болов. Харин “Хангарьд” клубийн Г.Ганзориг хүрэл медаль хүртэхдээ 15 сумнаас 148 оноо авч, Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Рекурв харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл тэмцээний хамгийн сонирхолтой өрсөлдөөн боллоо. Монгол Улсын 12 удаагийн аварга, ОУХМ Б.Урантунгалаг шигшээ харваанд 16 настай залуу тамирчин М.Уранбилэгтэй 5:5-аар тэнцсэний дараа shoot-off харваанд ялж, улсын аварга цолоо амжилттай хамгааллаа. Ийнхүү Б.Урантунгалаг танхимын болон гадаа талбайн УАШТ-ээс нийт 14 дэх алтан медалиа хүртсэн байна.
Рекурв харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Котинос” клубийн спортын мастер М.Энхбаяр түрүүлж, УАШТ-ий хоёр дахь алтан медалиа хүртэв. Тэрээр шигшээ шатанд “Добу Мэргэн” клубийн М.Нармандахыг 7:1 харьцаатай ялсан юм.
Багийн төрлүүдэд “Алдар” спорт хороо, “Зэвт Хасар”, “Бод Шонхор”, “Ирээдүйн Одод” клубүүд амжилттай оролцож, багийн дүнгээр “Алдар” спорт хороо тэргүүлж, клубүүдийн нийлбэр дүнгээр аваргаллаа.
Тэмцээний онцлог нь энэ жилээс насны хязгааргүйгээр өсвөр, залуучуудын тамирчдыг оролцох боломжийг нээсэн явдал байв. Үүний үр дүнд олон залуу харваачид улсын шилдгүүдтэй өрсөлдөж, ур чадвараа ахиулснаар Монголын байт харвааны ирээдүй гэрэлтэй байгааг харууллаа.