Мексик 1:0 Герман… Төсөөлөөгүй үр дүн

1296

Дөрвөн жилийн өмнө Бразилд аваргын цом хүртэж байсан германчууд ДАШТ-ий нээлтийн тоглолтоо Мексикийн эсрэг хийлээ. Москвагийн “Лужники” цэнгэлдэхэд явагдсан энэ тоглолт немцүүдийн хүссэн үр дүнгээр бус эл тричүүдийн ялалтаар өндөрлөв.

Тус тоглолтын нэгдүгээр үеийн 35 дахь минутад Мексикийн “Чакки” хочит Ирвинг Лосано Германы хаалгагч Мануэль Нойерийн хаалганд гоол оруулж, тооны харьцаа 1:0 болсон юм. Мексикүүд энэ үр дүнгээ тоглолт дуустал хадгалж, 77 дахь минутад сэлгээнд суусан ч энэ тоглолтын цор ганц гоолыг оруулсан Нидерландын “ПСВ” багийн жигүүрийн хагас хамгаалагч залуу тоглолтын баатар болов.

Ирэх долдугаар сарын 30-нд 23 нас хүрэх мексик эр ДАШТ-д дуудагдсан 23 тоглогчоос насаар хамгийн залуугийнхаа тоонд ордог. Эл тригийн хамгийн залуу тоглогч нь хамгаалагч Эдсон Алварес. Дөнгөж 20 настай Алварес Германы эсрэг тоглолтод сэлгээнээс талбайд гарсан юм.

Мексикийн дасгалжуулагч Хуан Карлос Осорио шигшээгийнхээ хамгийн хурдтай тоглогчийг жигүүрт ашигласан бөгөөд Лосаног суулгасан шалтгаанаа тайлбарлахдаа хоёрдугаар хагаст хамгаалах шаардлагатай байсан тул тактикийн сэлгээ хийсэн гэж ярьжээ.

Германы шигшээ баг 1986 оноос хойш ДАШТ-ий нээлтийн тоглолтод анх удаа хожил авч чадсангүй. Тэд одоогоос 32 жилийн өмнө Мексикт болсон дэлхийн аваргад эхний тоглолтдоо Уругвайтай 1:1-ээр тэнцэж байлаа. Тэр үед дэлхийн аварга зохион байгуулаад завгүй явсан мексикчүүд 2018 онд Германы шигшээд ялагдлын гашууныг амсуулав.

Тус тоглолтын 74 дэх минутад 39 настай хамгаалагч Рафаэль Маркесийг талбайд гаргасан юм. Ингэснээр тэр 5 дэлхийн аваргад дараалан оролцсон гурав дахь тоглогч боллоо. Сонирхолтой нь, энэ гурван тоглогч бүгд Герман, Мексикийн төлөөлөгчид. Р.Маркесаас өмнө Мексикийн Антонио Карбахал, Германы Лотар Матьюс нар ийм амжилт үзүүлж байв.