Англи 2:1 Тунис
Гоол: Харри Кэйн 11, 90+2, Фержани Сасси 35
Шилдэг тоглогч: Харри Кэйн (Англи)
Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйний оруулсан хоёр гоолын ачаар Гурван арслангууд ДАШТ-ий нээлтийн тоглолтод хожлоо. “Тоттенхэм”-ийн довтлогч Х.Кэйн 11 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг чихэж эхний гоолоо оруулсан юм. Гэхдээ Африкийн төлөөлөл Тунисийн баг амархан ялагдах баг биш гэдгээ харуулсан.
Тоглолтын 35 дахь минутад хамгаалагч Кайл Уолкер эсрэг багийн довтлогч Фахредин Бен Юуссефийг 16 метрийн шугам дотор тохойлдсон тул шүүгч торгуулийн цохилт заалаа. Энэ алдааг шүүгч өөрийн үзэмжээр шийдвэрлэсэн бөгөөд дараа нь VAR буюу видео бичлэг шалгасан ч шүүгчид өөрсдийнхөө шийдвэрт бат зогссон юм. Энэ боломжийг Фержани Сасси чулуу болгож, Жордан Пикфордын хаалганд тэнцээний гоолыг оруулсан.
Энэ тоглолтод шүүгч нар англичуудад тун хатуу хандсан. Жессе Лингардын довтолгоог эсрэг багийн хоёрдугаар хаалгач Бен Мустафа алдаа гаргаж зогсоосон ч шүүгч тоглолтыг үргэлжлүүлэх дохио өгсөн. Хоёрдугаар хагаст Х.Кэйн, Х.Магуэр нарыг 16 метр дотор эсрэг багийн тоглогчид “барилдаж” зогсоосон юм. Гэвч шүүгчийн багийнхан давталт үзэхээс татгалзсан.
Харин шүүгчийн мэдлийн 92 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Х.Кэйн мөргөж оруулснаар англичууд 2006 оноос хойш том тэмцээний нээлтийн тоглолтод хожиж чадаагүй гэсэн хар цувралдаа цэг тавилаа.
Сонирхолтой баримтууд
- Харри Кэйн ДАШТ-ий нэг тоглолтод хоёр гоол оруулсан Гари Линекерээс хойших анхны англи тоглогч боллоо. Гари Линекер 1990 оны дэлхийн аваргад Камеруны эсрэг хос гоол оруулсан.
- Харри Кэйн ДАШТ-ий нэг тоглолтод хоёр өөр хаалгачийн эсрэг гоолдсон билээ. Эхний гоолыг оруулахад эсрэг багийн үндсэн хаалгач гэмтээгүй байсан бол хоёр дахь гоолыг оруулахад сэлгээний хаалгач талбайд байсан юм. ДАШТ-ий нэг тоглолтод хоёр хаалгачийн эсрэг гоолдсон хамгийн сүүлийн тохиолдол 2010 онд Уругвайн довтлогч Диего Форлан Өмнөд Африкийн хаалганд хийсэн юм.
- Англичууд 90+ буюу шүүгчийн мэдлийн минутад гоолдож хожсон нь ДАШТ-ий түүхэнд анхных.
- Англичууд 16 удаа хаалга руу цохиж, хоёр гоол оруулсан.
- Харри Кэйн Английн шигшээд хийсэн сүүлийн 25 тоглолтод 15 гоол оруулав. Английн түүхэнд 25 тоглолтод түүнээс олон гоол оруулсан довтлогч бол Гари Линекер (20)
- Гурван арслангууд эхний үед эсрэг багийн хаалга руу зургаан удаа цохисон. Энэ нь 1966 оноос хойш хамгийн их гүйцэтгэсэн тоо аж. Тэр тэмцээний хагас шигшээд Португалын эсрэг мөн л зургаан удаа хаалга руу цохисон.
- Фержани Сасси торгуулийн цохилтоос гоолдсон. Энэ нь Английн багийн хувьд 1998 оны ДАШТ-д Аргентиний Габреаль Батистутагийн торгуулийн цохилтоос хойших анхных нь болж буй.