Англи 6:1 Панам
Гоол: Жон Стонес 8, 40, Харри Кэйн 22, 45+1, 62, Жессе Лингард 36, Филипе Балой 78
Тоглолтын шилдэг: Харри Кэйн
Англичууд ДАШТ-д анх удаа оролцож байгаа Панамын эсрэг гоолын бороо оруулав. Эхний хагаст тэд таван гоол оруулж, 1966 оноос хойш анх удаа нэг тоглолтод дөрвөөс олон гоол гүйцээсэн юм.
Түүнчлэн Харри Кэйн энэ тоглолтод хэт трик толилуулж, мэргэн буучийн жагсаалтыг таван гоолтой тэргүүлэх боллоо. Х.Кэйний хувьд ДАШТ-д нэг тоглолтод гурван гоол оруулсан гурав дахь англи тоглогч болжээ. Эхнийх нь 1966 оны ДАШТ-ий шигшээд Жеффри Херст бол удаах нь алдарт довтлогч Гари Линекер 1986 онд ийм амжилт үзүүлж байв.
Хэдийгээр тооны харьцаа 6:0 болсон ч панамчуудад ДАШТ-ий анхны гоолоо оруулах нь чухал байлаа. Тэгвэл тэдний хүслийг 37 нас 4 сартай багийн ахлагч Филипе Балой гүйцэтгэж, ДАШТ-д гоол оруулсан хамгийн ахмад тоглогчдын дөрөвдүгээрт жагсах болжээ.