Хамэс Родригес Английн эсрэг тоглох боломжтой

1262

Дөрвөн жилийн өмнө ДАШТ-д зургаан гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байсан Колумбын Хамэс Родригес энэ жил бэртлээс салахгүй байгаа. Хэсгийн эхний тоглолт болох Японы эсрэг бэртэл нь бүрэн эдгэрээгүй гэх шалтгаанаар гараанд гараагүй ч сэлгээнээс талбайд орж ирсэн. Улмаар Польшийн эсрэг хоёр гоолын дамжуулалт өгсөн юм. Харамсалтай нь, Сенегалын эсрэг ердөө 30 минут гүйгээд бэртэл нь сэдэрсэн тул талбайг орхисон билээ.

Тэгвэл энэ талаар Колумбийн хөлбөмбөгийн холбоо мэдээлэл хийлээ. Тэдний зарласнаар бол нарийн шинжилгээгээр Х.Родригес баруун хөлөндөө бага зэргийн хавантай байгаа аж. Харин булчин нь зүгээр байсан тул хэд хоног амраад ачаалал даах чадвартай болно гэж үзжээ.

Колумбийн шигшээгийн дасгалжуулагч Хосе Пекермэн өмнө нь сэтгүүлчидтэй уулзах үеэр Хамэсийн гэмтэл түүний санааг зовоож байгааг нуулгүй ярьсан билээ. Азаар түүний бэртэл ноцтой биш тул Английн эсрэг хийх тоглолтод оролцох боломжтой гэж эмч нар үзэж байна. Харин эцсийн шийдвэрийг Хосе Пекермэн гаргах бөгөөд Хамэсийн биеийн байдлаас их зүйл шалтгаалах бололтой.