Франц шигшээд шалгарлаа

1519

Франц 1:0 Бельги

Гоол: Самуэль Үмтити 51


“Шигшээд шалгарлаа гээд санаа амрах болоогүй. Учир нь хоёр жилийн өмнө бид Евро – 2016-д ялагдаж байлаа”. Энэ бол Францын шигшээгийн дасгалжуулагч Дидье Дешамын Бельгийг хожсоныхоо дараа сэтгүүлчдэд хэлсэн үг.

Тэд хоёр жилийн өмнө тивийнхээ аваргын төлөө өрсөлдсөн ч К.Роналду тэргүүтэй Португалд дийлдэж байлаа. Харин энэ удаад хамгаалагч С.Үмтитигийн цор ганц гоолын ачаар Бельгийн “Улаан чөтгөрүүд”-ийг хожиж, ДАШТ-ий шигшээд тунаж үлдлээ. Д.Дешам шигшээ багаа удирдаад Евро, ДАШТ-ий шигшээд үлдсэн анхны франц дасгалжуулагч болсон юм.

Эхний хагаст хоёр гоёсмог довтолгоотой, ширүүн тоглолт үзүүлсэн ч аль аль нь ноцтой алдаа гаргасангүй. Харин хоёрдугаар хагас эхлээд удалгүй С.Үмтити энэ тоглолтын цор ганц гоолыг оруулсан юм.

Сонирхуулахад, Францын шилдэг довтлогч Оливер Жиру энэ ДАШТ-д 425 минутын турш хаалгач руу чиглэсэн нэг ч цохилт гүйцэтгээгүй байгаа аж. Харин энэ тоглолтод С.Үмтити гоол оруулснаар Францаас 1998 онд гурван хамгаалагч (Бишенте Лизаразю, Лоран Блан, Лилиан Тюрам) гоол оруулж байсан амжилтыг 20 жилийн дараа давтлаа. Өнөө жил тус багийн хамгаалагчдаас Бенжамин Павар, Рафаэль Варене, Самуэль Үмтити нар гоолдов.

Түүнчлэн Францын шигшээ баг 1998 оноос хойш гурван удаа ДАШТ-ий шигшээд тунаж үлдсэн нь бусад багуудаа тэргүүлэх үзүүлэлт билээ.