Энэ сарын 27-29-нд Хорватын нийслэл Загреб хотод жүдогийн гранпри тэмцээн болно. Тус тэмцээнд таван тивийн 81 орноос 573 жүдоч өрсөлдөх юм.
Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг жүдоч барилдахаар болсон юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар, залуу жүдоч Магсарын Тогтохбаяр, 66 кг-д Баттогтохын Эрхэмбаяр, Довдонгийн Алтансүх нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Ганбаатарын Наранцэцэг хүч сорих аж.
Сонирхуулахад, Казахстанаас Галбадрахын Отгонцэцэг 48 кг-д хүч үзэх юм. Ингээд манай бөхчүүдийн барилдах жин тус бүрт дэлхийн томчуудаас хэн ирж зодоглохыг танилцуулья.
Эрэгтэй 60 кг:
Эрэгтэйчүүдийн 60 кг-д олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга, нэг хүрэлтэй Японы Наохиса Такато, олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Беслан Мудранов тэргүүтэй бөхчүүд зодоглоно.
66 кг:
Дэлхийн чансааг тэргүүлэгч, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы Абэ Хифүми, ДАШТ-ий хүрэл медаль Израилийн Тал Фликер, ДАШТ-ий алт, мөнгө, гурван хүрэл медальтай Украины Георгий Зантарьяа нарын 61 бөх бүртгүүлжээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг:
Дэлхийн хошой аварга, Японы Фүна Тонаки, Украины залуу авьяастан Дариа Билодид зэрэг 34 бөх энэ жинд барилдах аж.