Эрэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн дэлхийн аварга, Кенийн тамирчин Николас Бетт авто ослоор өөд болжээ. Тэрбээр Нигерьт болсон хөнгөн атлетикийн Африкийн АШТ-ээс эргэж ирээд ердөө нэг хоногийн дараа золгүй байдлаар амиа алдсан аж.
Талийгаач эр орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөөний 6 цагт ганцаараа автомашинаа жолоодож яваад замын хашлага мөргөж осолдсон байна. Осол Кенийн баруун хэсэгт орших Нанди хотод болжээ.
Кенийн гүйгч Николас Бетт 2015 онд Бээжинд болсон ДАШТ-ээс саадтай гүйлтийн 400 метрийн төрөлд 47.79 секундын амжилтаар улсынхаа рекордыг шинэчилж, ойрын зайн төрөлд дэлхийн аварга болсон анхны кени тамирчин болсон түүхтэй.
Түүний үхлийн талаарх харамсалтай мэдээг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо албан ёсоор мэдэгдсэн юм. Одоогоор юунаас болж осол болсон нь тодорхойгүй.
Н.Бетт хоёр настай ихэр хүүхэдтэй байсан юм.