Кураш бөх гэж юу вэ
Кураш бол түрэг үндэсний бөх бөгөөд сүүлийн үед Узбекистан улс Олон улсын түвшинд хөгжүүлж буй юм. Түрэг хэлээр кураш нь бөх гэсэн үг. Узбекээр кураш, Киргизээр күрөш, башкер хэлээр көреш, казахаар күрес гэхчлэн үндэстэн бүр өөр өөрсдийнхөөрөө дуудлагатай. Анх 1928 онд ЗХУ-д кураш бөхийн тэмцээн зохиогдсон ч хожим буюу 1950-1960-аад оны үед анхны холбоо үүсч байлаа. Гэхдээ Олон улсын кураш бөхийн холбоо 1998 онд байгуулагдаж, анхны дэлхийн аваргыг 1999 онд зохион байгуулсан юм.
Онооны систем + Дүрэм
Кураш бөхөд дараах байдлаар оноо олгоно. Үүнд Халал, Ямбош, Чала. Бөх нь халал оноо авбал ялсанд тооцогдоно. Цэвэр ялахын тулд өрсөлдөгч бөхөө нуруугаар нь унагаах ёстой. Харин нуруугаар нь унагааж чадаагүй ч мэх хийгээд оноо авсан бол ямбош өгнө. Хоёр удаа ямбош болвол тухайн бөх хожно. Харин хийсэн мэх нь халал, ямбош шиг оновчтой болоогүй ч оноо авах тохиолдолд чала өгнө. Кураш барилдааны турш идэвхгүй барилдвал гурван удаа торгодог. Эхний торгуулийг тамбик, хоёрдугаар торгуулийг дакки, харин гирром буюу гурав дахиа торгуулвал барилдаанаа дуусгаж, хасагдсанд тооцно. Өрсөлдөгчийнхөө өмднөөс зуурахыг хориглосон дүрэмтэй.
Жиү жицүгээс ялгаатай нь тулааны урлагийн бүс өгдөггүй. Хэрвээ хоёр бөхийн үнэлгээ ижил бол хамгийн сүүлд үнэлгээ авсан бөхийг ялсанд тооцдог. Торгууль ижил тохиолдолд аль түрүүлж торгуулсан нь ялагдана. Тэмцээнд оролцогчид бүгд хасагдах журмаар өрсөлдөх бөгөөд дагах барилдаан гэж үгүй.
Онооны үнэлгээ:
Сугалаа
- Эрэгтэй 66 кг: А.Батсуурь, Ж.Баасандаш
А.Батсуурь эхний тойрогт Энэтхэгийн Жаки Галоттой барилдахаар болжээ. Түүний өрсөлдөгч нь Азийн танхимын наадмын шагналт V байр эзэлсэн бөх. Харин залуу тамирчин Ж.Баасандашийн хувьд Узбекистан бөх, Азийн аварга Руслан Буриевтэй учраа таарчээ.
- Эрэгтэй 81 кг: М.Дагвадорж, Б.Гаажадамба
ДАШТ-ий хүрэл, Азийн танхимын наадмын хүрэлтэй, “Хилчин” спорт хорооны бөх М.Дагвадорж эхний тойрогт Афганистаны бөх Бесмила Мохаммадитай барилдана. Харин энэ жинд барилдах өөр нэг болох жүдоч, үндэсний бөхийн сумын заан цолтой Б.Гаажадамба Энэтхэгийн бөх Куналтай оноолт таарсан юм.
- Эрэгтэй -90 кг: Б.Гончигсүрэн, Г.Лүндээжанцан
Энэ жинд манайхаас хоёр залуу тамирчин оролцож буй. 19 настай Б.Гончигсүрэн эхний тойрогт Азийн элсний наадмын хүрэл медальт Туркменистаны бөх Абдирахманов Санжартай сугалаа таарсан. Харин саяхан 15 нас хүрсэн Г.Лүндээжанцангийн хувьд Тайванийн Ло Юүсуантай учраа таарав.
- Эрэгтэй +90 кг: Х.Цогтгэрэл, Б.Тэмүүлэн
Жүдоч Х.Цогтгэрэл эхний тойрогт Ливаны жүдоч Насеф Элиастай таарах боллоо. Дөрвөн жилийн өмнө жүдогоор Азийн наадмын мөнгөн медаль хүртэж байсан энэ эр уг нь Бразилд төрсөн ч өвөө нь ливан хүн тул иргэншлээ сольсон гэдэг. 2014-2015 онд Ливаны оны шилдэг тамирчнаар тодорч, Инчёны Азийн наадмын тугчаар сонгогдсон билээ.
Харин Б.Тэмүүлэн эхний тойрогтоо хийлжээ.
- Эмэгтэй 52 кг: Э.Нүрзэдмаа, Э.Гэрэлмаа
Дөнгөж 18 настай Э.Нүрзэдмаа эхний тойрогт Туркменистаны бөх Анастисья Макейватай барилдана. Харин жүдоч Э.Гэрэлмаагийн хувьд Азийн АШТ-ий мөнгөн медальт Тайванийн Йен Лиантай шөвгийн 16-д барилдах аж.
- Эмэгтэй 63 кг: Н.Ундрахзаяа, Б.Баасанжаргал
Н.Ундрахзаяа эхний тойрогт ДАШТ-ий хүрэл, АШТ-ий хүрэлтэй Туркменистаны бөх Гулшат Насироватай оноолт таарчээ. Харин самбын ААШТ-ээс алтан медаль хүртэж байсан Б.Баасанжаргал ДАШТ-ий хүрэл медальт Туркменистаны бөх Мехрибан Курбановатай барилдах аж.
- Эмэгтэй 78 кг: О.Мөнхцэцэг, Г.Минжинсор
18 настай Г.Минжинсор охин эхний тойрогт хатуу сугалаа татжээ. Тэрбээр 33 настай Тайванийн Янг Циен Сүтэй оноолт таарав. Жүдоч энэ бүсгүй ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ээс мөнгө, Азийн танхимын наадмын алтан медальтай.
Кураш бөхийн дэлхийн хошой аварга О.Мөнхцэцэг эхний даваанд Индонезийн Марселина Папаратай оноолт таарав.