Өнөөдөр эхэлсэн Азийн наадмын жүдо бөхийн эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52 кг-д манай бөхчүүд өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин Макаогийн Чон Хоу Лиог ялсан боловч хэсгийн аваргын төлөө БНСУ-ын И Харимд, дагах барилдаанд Тайванийн Юн Вэй Янд ялагдаж, медальгүй хоцорлоо. Энэ жинд Узбекистаны Диёрбек Урозбоев түрүүлж, Японы Торү Шишимэ мөнгөн медаль хүртсэн юм. Харин хүрлийг БНСУ-ын И Харим, Тайванийн Юн Вэй Ян нар зүүлээ.
66 кг-д манай улсаас Б.Эрхэмбаяр зодоглов. Эхлээд Тайландын Сурасак Пунтанамыг илүүрхсэн ч Казахстаны Елдос Жумаканов, Киргизийн Артур Тэд дараалан ялагдаад тэмцээнээ өндөрлөсөн юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ тэмцээнд оролцож буй дэлхийн шилдгүүдийг барах хүн гарсангүй. М.Уранцэцэг Тайванийн Жүн Йенг Гаог ялсан ч БНСУ-ын Чон Бо Кёнд ялагдаад хүрлийн төлөө хүч үзэж, Хойд Солонгосын бөх Юү Сүн Жоныг ялснаар Азийн Наадмаас хоёр дахь медалиа авлаа.
Энэ жинд БНСУ-ын Чон Бо Кён түрүүлж, Японы Ами Кондо мөнгө, М.Уранцэцэгтэй хамт Казахстаны “монгол жүдоч” Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртлээ.
М.Уранцэцэгийн хувьд 2014 онд Азийн наадмын аварга болж байв. Харин энэ удаад хоёр дахь медалиа хүртэж буй юм.
Эмэгтэйчүүдийн 62 кг-д манай залуу жүдоч Г.Ганцэцэг өрсөлдсөн. Тэрбээр эхлээд Хонконгийн Шүк Ки Цүиг, дараа нь Туркменистаны Гулбадам Бабамуратоваг ялж, хэсгийн аварга болсон ч хагас шигшээд БНСУ-ын бөх Пак Да Солд, дараа нь Тайландын Качаком Варасихад ялагдаад медальгүй хоцорлоо.