Азийн наадмын жүдо бөхийн төрөл хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 57, 63, 70 кг-д манай бөхчүүд өрсөлдсөн.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар эхний өрсөлдөгч болох Кыргызийн Бектур Рысмамбетовт барилдааны үндсэн цаг дуусахаас 16 секундын өмнө иппоноор унаж, хасагдсан юм.
81 кг-д О.Ууганбаатар 16-д Тажикстан улсын жүдоч Акмал Мурадовыг иппоноор ялж, шөвгийн наймд үлдсэн ч харамсалтай нь, Казахстаны Дидар Хамзаг дийлсэнгүй. Улмаар торгуулийн тойрогт Узбекистаны бөх Шарофиддин Болтабоевийг хоёр вазаригаар илүүрхэж, хүрэл медалийн төлөө БНСУ-ын И Сен Сотой барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа эхний даваанд Вьетнамын Ти Бич Нгок Нгенийг цэвэр ялаад шөвгийн наймд Хойд Солонгосын 22 настай жүдоч Ким Жин Атай 12 минутын турш барилдсан боловч нэмэлт цагт иппоноор ялагдав. Ингээд торгуулийн тойрогт Хонконгийн По Сүм Леүнийг цэвэр ялаад хүрлийн төлөө БНХАУ-ын Люү Тон Жуантай хүч сорих юм.
63 кг-д Б.Ганхайч Вьетнам, Тайванийн бөхчүүдийг илүүрхсэн боловч хагас шигшээд япон гаралтай Филиппин жүдоч Киүми Ватанабэд ялагдаад хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хан Хэ Жүтэй барилдах болжээ.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал Кыргызийн Айжан Кадырбековаг ялсан ч дараагийн даваанд Гулноза Матниазовад ялагдсан. Торгуулийн тойрогт япон гаралтай филиппин жүдоч Мария Такахашиг ялаад хүрэл медалийн төлөө Казахстаны Жере Бектаскижитэй өрсөлдөх юм.
Жүдо бөхийн финалын барилдаан 17:00 цагаас эхэлнэ.