Отгоны Мөнхцэцэг дөрөв дэх мөнгөн медалийн эзэн

1984

Кураш бөхийн дэлхийн хошой аварга О.Мөнхцэцэг Азийн наадмаас эмэгтэйчүүдийн 78 кг-д мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай улс тивийн олимпоос дөрвөн мөнгөн медальтай болов.

Түрэг үндэстний бөх гэгдэх кураш бөхийн төрлөөр энэ удаагийн Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан юм. Эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван жинд явагдсан уг тэмцээнд Узбекистаны зургаан бөх түрүүлж, эрэгтэйчүүдийн 81 кг-д Ираны Элиас Али Акбари алтан медаль хүртлээ.

Харин бүх жинд хоёр тамирчинтай оролцсон Монголын шигшээ баг хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д Баярбатын Баасанжаргал, 78 кг-д Отгоны Мөнхцэцэг нар ийм амжилт үзүүлэв.

Узбекүүд зургаан алтаас гадна хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн бол Ираны эрэгтэй баг дөрвөн жингийн гуравт нь медаль хүртсэн юм. Түүнчлэн Тажикстан нэг мөнгө, Кувейт, Казахстан, Афганистан, Тайванаас нэг хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэй багаас Энэтхэг мөнгө, хүрэл, Индонез, Тайвань, Вьетнамаас хүрэл медаль зүүжээ.