Чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 17-23-нд Словакийн Трнава хотод болно. Тус тэмцээнд оролцох эрэгтэй чөлөөт бөхийн бүх тамирчдын бүртгэл дуусчээ. Эрэгтэйчүүдийн барилдаан 21-нээс эхлэх бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 86 кг-аас бусад жинд бөхчүүд барилдах аж. Энэ тэмцээнд 18-20 насныхан өрсөлдөнө.
Өмнө нь залуучуудын ДАШТ-ий жингийн ангилал насанд хүрэгчдийнхээс өөр байсан бол энэ жил насанд хүрэгчдийн ангилалтай ижил жингээр өрсөлдөх болсон юм. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 40 улсын 245 бөх барилдах аж.
Сонирхуулахад, залуучуудын ДАШТ дотроо хоёр хуваагддаг. Энэ тэмцээн нь өсвөр, залуучуудын ангилалд хамаарах бөгөөд u23 хүртэлх насны залуучуудын ДАШТ ирэх арваннэгдүгээр сард болох юм.
Залуучуудын ДАШТ-ээс өмнө нь 1979 онд эрэгтэйчүүдийн 82 кг-д А.Баатархүү, 1989 онд 57 кг-д С.Эрдэнэбаяр, 2007 онд 50 кг-д Д.Тулга, 2012 онд 55 кг-д Э.Бэхбаяр нар алтан медаль хүртэж байлаа.
Монголын эрэгтэй баг:
- 57 кг: Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс)
- 61 кг: Д.Жамсранжав (Хасу-Мегастарс)
- 65 кг: Б.Буд (Харгант Цамхаг)
- 70 кг: Т.Тэргэл (Хасу-Мегастарс)
- 74 кг: Б.Бат-Эрдэнэ (Ирээдүйн одод)
- 79 кг: Б.Цэрэндаш (Ирээдүйн одод)
- 92 кг: Ч.Алтангэрэл (Хилчин)
- 97 кг: Т.Мөнгөншагай (Харгант Цамхаг)
- 125 кг: М.Лхагвагэрэл (Аварга)