Энэ сарын 1-8-нд Японы Цүкүба хотод Олон улсын Мэдээлэлзүйн 30 дахь удаагийн олимпиад боллоо. Нэг улсаас дөрвөн сурагч оролцдог дүрэмтэй уг олимпиадад өнөө жил манай улсаас О.Тэнүүн, Л.Төгсгэрэл, Б.Батмэнд, А.Нямдаваа нар оролцлоо.
Тэднээс 253 оноогоор 109 дүгээр байрт жагссан О.Тэнүүн хүрэл медалийн болзол хангаж, уг амжилтыг үзүүлсэн Монголын гурав дахь сурагч болов. Манай улс Олон улсын Мэдээлэлзүйн олимпиадад 1991 онд анх удаа өрсөлдөж, түүнээс хойш 19 удаа оролцохдоо 53 сурагч оюун ухаанаа уралдуулж байв. Хамгийн анхны медалийг 2005 онд Ч.Доржнамжил, түүний дараа жил буюу 2006 онд Б.Бүрэнтогтох нар хүрэл медаль хүртсэн түүхтэй.
О.Тэнүүн “Орчлон” сургуулийг төгссөн. Гурван жилийн өмнө IMC (Дунд ангийн сурагчдын Математикийн Олон Улсын Олимпиад) -гийн хүрэл медаль хүртэж, энэ жил Улсын олимпиадаас мөнгөн медаль зүүсэн юм.